МАК-ийн ”Хийт бетоны үйлдвэр” үүдээ нээлээ
2015-06-12

Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “Монголын алт” компанийн “Хийт бетоны үйлдвэр” өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Налайх хотоос баруун урд зүгт буюу байрлах тус үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Барилга хот, байгуулалтын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Эрдэнэбат тэргүүтэй гадаад дотоодын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

 

Хоногт 900 куб метр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь хоногт гурван ээлжээр ажиллаж, дотоодын бетоны  хэрэгцээний 30 гаруй хувийг хангах хүчин чадалтай гэнэ. Захиалагч  бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр сонгох боломжтой аж. Блокны найрлагад элс 60 хувь, цемент 20 хувь, шохой 15 хувь, гөлтгөнө 5 хувь, хөнгөн цагаан 0.15 хувь ордог байна. Ингэснээр евростандартыг бүрэн хангаж байгаа гэнэ. Тодруулбал, тус үйлдвэрт ХБНГУ-ын "Топверк" группийн "Хесс ААС Системс" технологиор "Евро блок" нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх юм байна. 

 

"Хесс ААС Системс" группын ерөнхий захирал Рэн Бурхард: Бид Европ-Ази хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад үйлдвэрийн шугамыг суурилуулж нэвтрүүлсэн туршлагатай. Энэхүү технологи нь хаягдал түүхий эдийг дахин боловсруулдагаараа байгальд ээлтэй. Мөн богино хугацаанд "Евро блок” үйлдвэрлэдэгээрээ цаг хугацаа, хөрөнгө  хэмнэнэ."Евро блок” нь хөнгөн, бат бэх, даац өндөр, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн хүн болон байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи гэдгээрээ бусдаас давуу юм.

 

Барилга хот байгуулалтын сайд  Д. Цогтбаатар: Монгол Улс жилдээ 600 мянган метр куб бетонон блок импортолдог. Харин энэ үйлдвэр жилд 270 мянган метр куб бетоныг үйлдвэрлэх юм байна. Энэ бол монголдоо маш том алхам. “Дорнын цас” гэдэг компани тийм хэмжээний бетоныг мөн удахгүй үйлдвэрлэж гаргана. Энэ хоёр компани нийлээд монголын импортлодог блокийн хэмжээнд бараг дөхсөн бетон үйлдвэрлэх юм. Цаашлаад хэрэглэгчдэд очих байр, орон сууцны үнэ хямдрах, ялангуяа үнэ нь аажмаар тогтоход нөлөөлнө. Импортолж байгаа блокийн 30 гаруй хувийг үйлдвэрлэж байна гэдэг тэр хэмжээний валютыг хэмнэх боломжтой болж байна.

 

“Монголын алт” компанийн захирал Н.Нямтайшир: Жилээс жилд хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэх, европ стандартын чанарыг монголд хэвшүүлэх, дэвшилтэт технологи ашиглах замаар байгалийнхаа баялгийг ашигласан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн барилгын салбарынхаа өртөг зардлыг хэмнэсэн шинэ үйлдвэрлэл гэдгээрээ манай үйлдвэр онцлог юм. Цаг агаарын эрс тэс нөхцөлтэй, барилгын ажлын улирал богинотой манай орны хувьд цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хэмнэх шинэ боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди: Эдийн засаг хүнд үед энэ том үйлдвэрийг бүтээн байгуулна гэдэг бол үнэхээр зоригтой хүний хийдэг ажил. Цаашдаа үйлдвэрийнхээ технологийг сайн эзэмшиж, монголын барилгын салбарт тэргүүлэх нэг үйлдвэр байхыг хүсч байна. Зүгээр нэг үйлдвэр байгуулах биш европ стандартыг монголд нутагшуулах технологийг дамжуулж байгаагаараа ногоон эдийн засгийн өнгийг тусгасан орчин үеийн үйлдвэр юм. Анхдагчдын нэг нь болж байгаа учраас олон аж үйлдвэрийн барилгууд араас нь цогцлон босч, олон хүнийг ажлын байраар ханган тэднийг орлоготой болгож, аж амьдралыг нь өөд нь татан улс орныхоо хөгжилд дэвшил авчраарай.

 

Эдийн засгийн байдал хүнд  үед төр засгийн хөрөнгөөр бус хувийн хөрөнгө оруулалтаар дэлхийн барилгын стандартыг хангаж чадсан үйлдвэр барьсанд нээлтэд ирсэн зочид талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

 

 П.Нарандэлгэр                                                                  

Shuud.mn
Сонин хачин
ууганбаяр:
yaj holbogdoj zahaildiun boloo hotod haan zardiin bol...
2015-06-27
Зочин:
saihan medee baina.uuniig odoo saihan demjeed ugeh heregtei
2015-06-15
kaak:
yostoi dajgyi .amjilt hysie
2015-06-13
naiz:
sain bn
2015-06-13