Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө
2015-06-22

Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжин, тэдэнд зөвлөн туслаж, соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана гэдгээ онцолж байгаа.

 

Тэгвэл энэ дагуу MGL radio FM 102.1-тэй хамтран 14 хоног тутам "Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” радио нэвтрүүлгийг Монгол Улс болон хилийн чанадад байгаа сонсогчдодоо хүргэхээр болжээ. Радио нэвтрүүлэгтэй Монгол Улсаас 77111941 дугаарын утсаар холбогдож хэрэгтэй мэдээллийг лавлаж болох бол Солонгосоос 07078041941 дугаарын утсаар залгаж болох аж. Мөн хилийн чанадад суугаа иргэд Skype: mglragio хаягаар холбогдож болох нь ээ.

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шууд ярилцлагад оролцон олны анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал, тэдгээртэй холбогдон Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргээс гадна иргэн танд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч асуултад хариулах юм байна. Энэ сарын 30-ны мягмар гаригийн 18.00 цагаас сонсогчдод хүрэх эхний дугаараар Туул голын бохирдлын талаар хөндөж ярилцахаар төлөвлөжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин