“Эрдэнэт”-ээр овоглосон их айлынхан баяраа тэмдэглэв
2015-06-22

 

Уул уурхайн салбар гэдэг аливаа улс орны эдийн засгийг тэтгэгч байдаг. Манай орны хувьд ч тэр уул уурхайн салбарын хөгжил эдийн засагт нөлөөлж ирсэн. Тэгвэл Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ сарын 20-ны билэгт сайн өдөр үйлдвэрийн өргөтгөлөө нээж хүчин чадлаа нэмэгдүүлсэн түүхэн үйл явдал болов.

 

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ОХУ, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Улаанбаатарт болсон Монголын Эдийн засгийн чуулганы хүндэт төлөөлөгчид оролцсон юм.

 

Үйлдвэрийг өргөтгөснөөр 2014 оны байдлаар 26 сая тонн хүдэр боловсруулж байсан бол 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн болж байгаа юм байна. Мөн 119027 тонн цэвэр зэс гаргаж байсан нь 26000 тонноор нэмэгдэх боломжтой болжээ. Зэсийн баяжмал 516813 тонн үйлдэрлэж байсан нь 113000 тонноор өсч, баяжуулах фабрикийн 1082 ажилчин 33 шинэ хүнээр бүл нэмж байна. Зэсийн баяжмалын орлого 1,3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

 

Монгол дахь хөрөнгө оруулалтын хамгийн сайн жишээ болсон

 

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нээлтийн арга хэмжээг нээж нийт зочиддоо хандан үг хэлсэн юм.  Тэрбээр “Энэ түүхэн өдрийг бүтээсэн уурхайчид та бүхнээрээ бахархаж омогшиж та бүхэндээ талархаж байгаагаа бас дахин илэрхийлье. Тухайн үеийн зөвлөлт холбоот улс буюу өнөөгийн ОХУ-ын хөрөнгө оруулалтайгаар Эрдэнэтийн ордыг ашиглалтад оруулсан нь Монгол улсын нийгэм эдийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан төдийгүй Монгол дахь та бидний мэдэх хөрөнгө оруулалтын хамгийн сайн жишээ болсноор бид бахархаж байна.

 

Өнөөгийн дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бидний санасан хэмжээнд байхгүй байгаа ч гэсэн бид 2014 онд Үйлдвэрийнхээ төлөвлөгөөг амжилттай биелүүлж урдаа тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Энэ эдийн засгийн хүнд нөхцөлд ч гэсэн манай үйлдвэрийн хамт олон үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалт өргөтгөлийн ажилд амжилттай хийж өнөөдөр та бүхэнд бид нээлтээ хийж байна. Энэ хэмжээгээр ажлын байр орон тоо нэмэгдэж, улсын төсөвт орох орлого бодитой том хэмжээгээр нэмэгдэнэ.

 

Бид цаашдаа  хөгжих концепцыг боловсруулж байна. Ирээдүйд уурхайн гүнзгийрэлт улам доошоо орох тусам бид уурхайн дотоод тээврийн эдийн засгийн сайжруулах, канверийн системийг нэвтрүүлэх, хаягдлын аж ахуйн багтаамжийг нэмэгдүүлэх олон ажлыг бид урдаа тавин төлөвлөж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор өндөр хотод барихаар төлөвлөсөн энэ нь манай үйлдвэрийн цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж бид уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж байна гэж харж байна.

 

Эрдэнэтийн ирээдүйг, Эрдэнэт үйлдвэрийн насыг бид ашигт малтмалын нөөцийн хэмжээгээр биш олон зуун жил Эрдэнэт үйлдвэр ажиллах амьдрах энэ хөрөнгө оруулалтыг цаашид үргэлжлүүлэн ашиглах ийм л боломжийг бид хаалт хөгжлийн менежментээр тодорхойлох болно” гэлээ.

 

Эрдэнэт үйлдвэрийн гавьяатнуудыг шагнав

 

 

Түүнийг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээсэн юм. Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн төслийн удирдагч, даргын зөвлөх Р.Дэлгэр, “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Р.Баяр нарыг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор тус тус шагнасан юм. Мөн зарим ажилтныг Монгол Улсын одон, медалиар шагнасан юм.

 

Нээлтийн ёслолын дараа зочид төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтөлтэй танилцсан бөгөөд ёслолын ажиллагаанд оролцогчдоос сэтгэгдлийг нь сонссон юм.

 

Эрдэнэт үйлдвэр түүхэн бүтээн байгуулалт хийсэнд баяртай байна

 

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зарим зүйлийг тодруулсан.

 

 

-Таны хувьд өнөөдрийн бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Одоогоос 34 жилийн өмнө миний бие “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орж байлаа. Энэ үйлдвэрийн үнэрийг үнэртэж, ажлын малгай өмсөн, ачигч, машинч, засварчин хийж байсан нь саяхан мэт санагдана. 1981-1982 онд энэ үйлдвэрээс анхны цалингаа, мэргэжлийн үнэмлэхээ авч байсан. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр маань ийм түүхэн бүтээн байгуулалт хийж байгаад баяртай байна.

 

“Эрдэнэт” үйлдвэр анх дөрвөн сая тонн хүдэр олборлолтоор гараагаа эхэлсэн. Энэ нь өргөжөөд өнөөдөр 32 сая тонн болтлоо өссөн. Тэгэхээр үйлдвэрийн үйл явц удаан хугацаанд үргэлжилдэг, цаашид хэрхэн сайжирч чадавхиждаг вэ гэдэг нь харагдаж байна. Гол нь томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд зоригтой хандаж, ойлгож, дэмжих хэрэгтэй юм.

 

-Үндэсний үйлдвэрлэгчид эдийн засгийн өндөр өгөөжтэй бүтээн байгуулалт хийж чаддагийн тод жишээ энэ байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ үйлдвэр ашиглалтад ороод 37 жил болж байна. Намайг 1981 онд ажилладаг байхад ЗХУ-ын мэргэжилтнүүд их байсан. Харин одоо зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийдэг ажлыг манайхан өөрсдөө хийдэг болсон. Тухайн үед гаднаас олон техник авдаг байлаа. Тэгвэл өнөөдөр монголчууд өөрсдөө хийж нийлүүлдэг болсон. Ер нь илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэдэг монголдоо нутагшина л гэсэн үг. Эхлээд алдаа дутагдал, шүүмжлэлтэй дагуулах нь дамжиггүй.

 

Харин цаашид сайжирдаг гэдгийг энэ үйлдвэр харуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч гэсэн олон жил татвар төлдөггүй, улсын төсвийн дэмжлэгээр явж байсан шүү дээ. Сүүлд 2000 оноос татвар төлдөг болсон. Одоо бол энэ үйлдвэр төсвөөс мөнгө авахгүй өөрөө өрийгөө аваад явдаг. Үүгээр ч зогсохгүй улсад 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж байна. Эрдэнэт хотод 40 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг.

 

Энд нэг зүйлийг хэлье. Манайхан ойлгохдоо “Эрдэнэт” үйлдвэр эхлэхдээ л техник эдийн засгийн үзүүлэлт бүгд гарсан гэдэг. Гэтэл одоог хүртэл “Эрдэнэт” үйлдвэр судалгаагаа үргэлжлүүлсээр байна. Уулнаас доош хэдэн км-т баяжмал бий гэдгийг одоог хүртэл нээгээгүй. Үүнд дахиад л мөнгө шаардлагатай. Энэ ажилд “Эрдэнэт” үйлдвэрээс өөрсдөө мөнгө гаргаад судалгаагаа хийж байгаа.

 

Дэлхийн сонгодог технологиор хийсэн нь бахархууштай

 

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат энэ үеэр "Энэ их ажлыг монголчууд өөрсдөө бүтээсэн байна. Ингэхдээ дэлхийн сонгодог технологиор хийсэн нь бахархууштай. АНУ, ХБНГУ, Австри, Австрали гээд газар газрын сорыг түүжээ. Бид дээр үед бусад улсуудын хоцрогдсон технологийг хамдаг байсан.

 

Одоо эсрэгээрээ болжээ. Орон орны сонгодог технологийг сонгоно гэдэг инженерүүдийн ажил. Тиймээс би энэ дашрамд, “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн инженер, техникийн ажилтнуудад баярлалаа гэж хэлмээр байна. Үе үеийн ажилтнууддаа, мөн  одоогийн залуу үедээ баярлалаа гэж хэлье" гэсэн юм.

 

Бид жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлэхдээ "Энэ удаагийн бүтээн байгуулалтыг хийснээр “Эрдэнэт” үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон. Энэ түүхэн үйл явдлыг бүтээсэн уурхайчид та бүхнээрээ бахархаж, талархаж буйгаа илэрхийлье. Өргөтгөл хийж ажлын байрыг нэмэгдүүлснээр улсын төсөвт орох орлого бодитойгоор нэмэгдэнэ. Зөвхөн өргөтгөлийн ажлаар хязгаарлагдахгүй орчин үеийн технологийг нэврүүлэн эдийн засгийн үр ашигтай ажиллах болно.

 

Цаашид ч эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллана гэдгээ хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад энэ салбартаа жишиг болохуйц “Уул уурхайн компанийн хаалт” хөгжлийн бодлогыг тодорхойлохоор зорьж ажиллаж байна. Нийгэмдээ хамгийн өгөөжтэй бүтээн байгуулалт хийж байгаадаа баяртай байдаг" гэсэн юм.

 

Ийнхүү нээлтийн ёслол өндөрлөж, зочид төлөөлөгчид Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэнгийн зүг хөдөлсөн. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтөл ашиглалтад орох нь зөвхөн тус үйлдвэрт ажилладаг хүмүүсийн баяр биш нийт Эрдэнэт хотынхоны баяр хэмээн үзэж наадам зохион байгуулсан. Наадмын нээлтийн ёслолын дараа эрийн гурван наадам эхэлсэн. Наадмын нээлтийн дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй эрхмүүд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд байдаг хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочилсон юм.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин