Хөвсгөл аймагт ХҮН-ын салбар хороо байгуулагдлаа
2015-10-14

 

Монгол хүний төлөө, Хүн-Дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) хөдөө орон нутагт салбар хороодоо байгуулж байгаа билээ. Тус нам Хөвсгөл аймагт салбар хороогоо байгууллаа. Салбар хороо байгуулах хурлын үеэр намын дарга С.Боргил хэлэхдээ: “Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) бид бүгд энэ улс орныг өөрчлөх цаг нь болсон.

 

Сүүлийн 25 жилийг бид харлаа, энэ нийгмийн хамгийн чухал хэсэг та бид хаягдсан, энэ нийгэм хүнийхээ төлөө ажиллахаа байгаад удаж байна. 70 жил бид социалист нийгэмд ангигүй нийгмийг бий болгож чадсан. Гэтэл бид өнөөдөр өөр хоорондоо ялгаатай болсон. Баян, ядуугийн ялгаа хэтэрхий том болсон, хамгийн гол нь нийгэм өөрөө шударга, эрхэм зүйлгүй болсон. 2016 оны 6 сард бид сонгуульд орж энэ улсыг өөрчлөхгүй бол эх орноо алдах нь ээ.

 

Одоо бүр цагаандаа гарсэн байна. Газар нутгийг минь гадныханд өгөх гэж байна. Халх голд чөлөөт бүс байгуулах нэрийдлээр үржил шимт газрыг авах гэж байна. Дараагийн ээлжинд Далай Ээжийг маань ингэвэл яах вэ? Ийм зүйлийг бид дахиж гаргуулахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Эх орон юунаас бүтдэг вэ? Газар шороо, үндэстэн, соёл гурваас бүтдэг. Ингэж байж эх орон бий болдог. Хүмүүс ээ бид эрхэм чанартай, жинхэнэ монгол хүнийг, ёст хүнийг бүтээмээр байна. Ёст хүн гэж хэн байхав? Шударга, эх оронч, газар шороо, үндэстэн, соёл, хойч үеэ боддог хүнийг хэлнэ.

 

Бид Монгол үндэстэнг цоо шинээр бүтээмээр байна. ХҮН-ынхан бид энэ үйл ажиллагааны төлөө явч байгаа хүмүүс. Утаа,тоос шороо, уур бухимдал, шударга бус зүйл хэвийн үзэгдэл мэт боллоо. Бид энэ дунд хохирогч болон амьдарч байна. Энэ бүхний эсрэг хөдлөж өөрчлөлтийг хийхгүй бол биднийг боддоггүй хүмүүс дахиад биднийг удирдах нь. Одоо бид үйл явдлыг хажуугаас толгой сэгсрэн шогширон харж зогсож болохгүй. Хүчээ нэгтгэн улс орноо өөрчлөхийн төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Бид шинэ ёст, монгол хүнийг бий болгоно. Бид эгэл хүмүүсийн нам. Бидний ард хэн ч байхгүй. Бидний ард бид, та бүхэн байгаа. Би ч хөдөлмөрчин хүний хүүхэд, нам ч хөдөлмөрч хүмүүсийн нам хүмүүс ээ.

 

 

Ямар нэгэн хууль зөрчиж, хулгай хийж бид яваагүй. Бидэнд тийм бараан түүх байхгүй. Манай нам 5 сарын 4-нд шинэчлэн зохион байгуулагдаж Улаанбаатар хотын бүх дүүргүүд болон одоогоор хөдөө орон нутгийн 8 дахь аймагтаа салбар хороогоо байгуулж байна. Ард иргэд бидэнд итгэж байна. Очсон уулзсан газарт бүрт биднийг талархан хүлээн авч, бидэнд итгэлээ өгөхөд бэлэн шийдмэг Монгол Хүн тэй уулзлаа. Тэдний Итгэлийн нь хөсөрдүүлж болохгүй. Улс төр гэдэг үг өнөөдөр бохир заваан, хээл хахууль, дээрэм, гэх утгыг давхар илтгэх болсон. Яг үүн шиг улс төрийн нам гэж ард иргэдийг залхааж байна. Цөхрөл дүүрэн харцаар намыг хардаг тийм гутамшиг болсон. Манай нам тэгэхгүй! Бид энэ ялзралыг өөрчилнө, өөрчилж ч чадна. ХҮН намын бид тийм үүрэгтнүүд, тийм хувь тавилантай.

 

ХҮН нам 25 жил хаягдсан хамгийн том зүйл хүний төлөө явна. Бид хүнийг дээдлэнэ. Сонголт хийн хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаж байна. Та бүхнийг хараад бидний үйл хэрэг, зорьсон бодсон бүхэн маань дан ган биднийх биш бид бүгдийнх гэдгийг харж, огшиж байна. Бид бүгд хамтдаа ялалтын төлөө явцгаана” гэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин