Хориотой ан агнажээ
2015-11-16

Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас болон агнахыг хориглосон амьтан хариу бугыг хууль бусаар агнаж эд эрхтэнг нь худалдсан гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг тус сумын гуравдугаар багийн иргэн Ж нь өнгөрөгч 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

 

Хэнтий аймагт аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар ажилласан цагдаа нар уг хэргийг ирүүлсэн байна.

 

Хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Мөн хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр нь 32 сая төгрөгөөр тооцогдсон байна. Гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Иймд иргэдийг хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
залуу байхдаа тамирын голоос зэвэг загасыг бакаалаараа өшиглөөд эрэг дээр гаргадаг байв шүү
2015-11-16
Зочин:
Баавгай агнасан Номтойбаярыг, Г.Батхуу нарыг шалгахгуй байж эгэл ардад хатуу байж болох уу. Энэ ариун явдал уу
2015-11-16