НӨАТ-д “алуулж” байгаа нь хэн бэ?
2016-02-18

 

Нэмүү өртгийн албан татвар, НӨАТ-д ёстой “алуулж” байна хэмээн бизнесменүүд ярихыг олонтаа сонссон. НӨАТ нь зөвхөн тодорхой бизнест бус мөн эдийн засагт бүхэлд нь ихээхэн дарамт учруулдаг татварын төрөл гэдэг нь үнэн. НӨАТ-д “алуулж” байгаа бизнесүүд нь өдгөө манайд үйл ажиллагаа явуулж буй 64 мянган аж ахуйн нэгжүүдийн 91 хувийг бүрдүүлж буй 19 буюу түүнээс доош тооны ажилтантай бизнесийн нэгжүүд юм.

 

НӨАТ нь орлогод бус хэрэглээний зардалд ногдуулдаг татвар гэдгээрээ онцлогтой бөгөөд өндөр хөгжилтэй баруун Европын орнуудын татварын орлогын гол эх үүсвэр болдог.  Гэвч хэрэглээний өртөг өндөртэй барууны орнуудад тохирсон татвар манай улсад хэр тохиромжтой вэ. Монголд ч ялгаагүй НӨАТ хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлээд манай Засгийн газрын орлогын хамгийн том эх үүсвэр болсоор ирсэн, өдгөө татварын орлогын 27-30 хүртэлх хувийг НӨАТ дангаараа бүрдүүлж байна.

 

Манайд өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн НӨАТ-ийн систем нь хэдийгээр жижиг дунд бизнесүүдэд асар их ачааллыг үүрүүлж байсан боловч бизнесийн хамгийн бага нэгж буюу манай нийт бүртгэлтэй бизнесийн 86 хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдэд харьцангуй дарамт багатай байсан. Гэвч НӨАТ-ийн шинэ систем нь энэ бүхнийг өөрчилж жижиг бизнесүүдээ нуга дарах нөлөө үзүүлэхээр байна.

 

НӨАТ нь бизнес хоорондын болоод эцсийн худалдан авагчийн харьцаан дээр үндэслэсэн байдаг учраас бизнесийн харилцаанд орж буй нэгжүүд бие биеэ хянах механизм шингэсэн байдаг гэдгээрээ бас нэгэн онцлогтой. Энэ нь Засгийн газрын хувьд бүртгэлийн системийг цэгцлэх, бизнесүүдийг хянах нөхцлийг дээшлүүлдэг сайн талтай. Чухам энэ л хяналтын механизм нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх нэг үндэслэл болдог.

 

НӨАТ-ЫН ШИНЭ СИСТЕМ МАНАЙД ХЭРЭГТЭЙ ЮУ?

 

Хятадууд ориг барааг дуурайлган хийдгээрээ алдартай бол монголчууд бид гадны бүтэц, тогтолцоог хуулбарлан хэрэгжүүлдгээрээ алдартай. Хятадуудаас ялгаатай нь бид гадны юмыг авчраад судалж шинжилж үзэлгүйгээр, өөрийн онцлогт тохируулалгүйгээр өөр дээрээ зүгээр л шууд наачихдаг, тэгээд ихэнхдээ бүтэлгүйтдэг. НӨАТ бол түүний нэг жишиг шиг харагдаж байна. Үйлдвэрлэлийн дамжлага тус бүрд ногддог учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг ба үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж буй улсад НӨАТ-д ихээхэн няхуур хандаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүдээ НӨАТ-өөс хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авдаг. Эрх баригчдад бол энэ нэг их сонин биш. НӨАТ нь жижиг дунд бизнес, ядуу доод давхаргын иргэдэд ихээхэн дарамт болдог регрессив татвар учир жижиг дунд бизнесүүд тэднээс үйлчилгээ авдаг ядуу, бага орлоготой иргэд НӨАТ-өөс чөлөөлөгддөг. Үгүй гэхэд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, эм тариануудыг НӨАТ-өөс чөлөөлөх учиртай. Эрх баригчид үүнийг тоохгүй зүгээр л бүх юманд НӨАТ 10 хувь гээд л нялчихсан. Ийм л учраас өнөөдрийг хүртэл манайд хэрэгжиж ирсэн НӨАТ-ын систем нь нийгэм, эдийн засгийн онцлогийг тусгаагүй тохиромж муутай байгаа юм.

 

Гэтэл саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа НӨАТ-ийн шинэчилсэн систем нь байдлыг улам дордуулсан, ард иргэдээ, тэр дундаа ядуу, дунд орлоготой иргэдээ ясыг нь цайтал шулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна.

 

Он гараад шинээр хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын шинэчлэгдсэн хууль буюу урамшууллын систем нь Далд эдийн засгийг ил болгох, Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс авах татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилготой бөгөөд эцсийн дүндээ төсөвт татвараас орох орлогыг нэмэгдүүлэх замаар улсыг маань дампууралд хүргэж болзошгүй эрсдлийг дагуулсан Засгийн газрын өрийг төлөх гэнэ.

 

МАНАЙД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

 

Уг нь бол гадаадад офшор дансанд мартсан, нуусан хөрөнгө, дотооддоо татвараас зайлсхийх зорилгоор нуусан, хадгалсан их хэмжээнийн хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгийг хэлэх ёстой. Гэтэл хэрэгжиж эхэлж буй татварын аргачлалыг харахад Нарантуул, Хархорин захын лангууны наймаачид, гар дээрээс ширхгийн бохь тамхи зардаг эмээ өвөө нар, гэр хорооллын граммын дэлгүүрүүд, оюутны хуушуурын газрууд, ТҮЦ-үүд, үсчний газрууд зэргийг онилсон бололтой харагдаж байна. Ямартай ч энэ нь гадаадад, офшор дансанд нуугдсан далд эдийн засгийг ил болгохгүй, харин ядуу, бага орлоготой иргэдээ туйлдуулах нөлөө үзүүлэхээр байна. НӨАТ-ын шаардлагыг биелүүлэх процесс нь өөрөө өртөг өндөртэй бөгөөд бага орлоготой наймаачид, бизнесүүд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэх замаар өртөгөө нөхөх оролдлого хийх бөгөөд энэ нь орлогыг бууруулах нөлөөтэй төдийгүй, эцсийн дүндээ өртгийг тэдний үйлчлүүлэгч болох дунд, доод давхаргын иргэдэд үүрүүлнэ гэсэн үг. Он гарснаас хойших байдлыг ажиглахад бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын тоо нэмэгдсээр байна. НӨАТ бол нэг ёсны нуугдмал татвар. Ард иргэд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээг худалдан авсаар ирснээ тэр бүр мэддэггүй. Харин энэ удаа НӨАТ гэж юу вэ гэдгийг ойлгуулах үйл явдал өрнөж байна гэж үзэж болно.

 

Татварын албаныхны ярьж буйгаар “далд эдийн засаг” гэгчээсээ 200 тэрбумын татвар хуримтлуулахаар төлөвлөж буй нь үнэндээ эргэлзээ төрүүлж буй юм. Шинэ систем нь жижиг дунд бизнесийг дарамталсан нөлөөг үзүүлж буй бөгөөд энэ нь ил ажиллаж буй бизнесийн нэгжүүдийг далд болгох, үнийг өсгөх нөлөөгөөр борлуулалт, бизнесийн эргэлтийг сааруулах сөрөг үр дагаварыг эдийн засагт авчрах төлөвтэй байгаа юм. Их хэмжээний татвараас бултсан, зугтсан гадаад, дотоодын компаниуд, хувь хүмүүсээс татвараа гүйцээж авахын оронд өршөөчихөөд харин жирийн иргэдээ шулан мөлжих замаар төсвийн орлогыг нөхнө гэж байгааг би яав ч зөв гэж хэлж чадахгүй.

 

НӨАТ НЬ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙГ ХЭРХЭН “АЛДАГ” ВЭ?

 

Борлуулалтад ногдож буй татварын дарамтаас гадна, сар болгон НӨАТ төлөх хугацааны асуудал байгаа юм. Жижиг дунд бизнесүүд нь ихэнхдээ эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байдаг бөгөөд худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээ борлуулсан эсэхээс үл хамааран сар болгон НӨАТ төлөх шаардлага гардаг нь эргэлтийн хөрөнгийн нэн хомсдолыг үүсгэдэг. НӨАТ-ыг заавал бараагаа борлуулж байж гаргаж авна. Борлогдсон барааны үнийн дүнгээс 10 хувь НӨАТ-аа сар болгон төлөх нь эргэлтийн хөрөнгийг төдий чинээ дундраана гэсэн үг. Энэ бол жижиг компаниудад ихээхэн дарамт юм.  Мэдээж мөнгө ихтэй “бяртай” компаниудад бол энэ асуудал биш л дээ.

 

НӨАТ-ыг анхнаасаа л гадны жишгээс шууд хуулбарлан хэрэглэсэн, өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тооцон үзээгүйгээс жижиг, дунд бизнесүүд, бага дунд орлоготой иргэддээ ачааны хүндийг үүрүүлсэн систем байсан бөгөөд шинээр хэрэгжүүлж байгаа хэлбэр нь байдлыг улам дордуулсан, улам бүр ядуурч буй иргэдээ туйлдтал нь шулан мөлжсөн шинжтэй байгаа юм.

 

НӨАТ-Д БУЙ БУСАД АСУУДЛУУД

 

НӨАТ-ыг яаран сандран дутуу дулимаг хэрэгжүүлсэн нь татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн албан ёсны тайлбараас гадна эрхтэн дархтануудын хувийн бизнесийн эрх ашигтай холбоотой байж болох. Татварын ерөнхий газар дахь НӨАТ-ын хяналтын системийг хувьчилж буй гэсэн сураг анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Гэхдээ нэгэн зүйл тодорхой байгаа нь НӨАТ-ийн дэд бүтцийг бий болгох түүний үйлчилгээнд төвлөрч буй хөрөнгийн асуудал юм. Албаны хүний үгээр бол 30 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ын шинэ системд холбогдох шаардлагатай байгаа. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжүүд бүгд тус бүр нь дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй НӨАТ-ын кассын машиныг худалдан авна гэвэл 45 тэрбум төгрөгийн бизнес байгаа юм. Кассын машинуудыг ажиллуулах програм нь тусдаа үнэтэй бөгөөд өдөрт 2000 төгрөг, сард 60 мянган төгрөгийг тогтмол үйлчилгээний хөлсөнд төлнө гэвэл нийтдээ сарын 1.8 тэрбум төгрөг болж байна. Магадгүй 30 мянган аж ахуйн нэгж бүгд шинэ кассын машин худалдан авах мөн бусад үйлчилгээг авах шаардлагагүй байж болно. Гэхдээ ямартай ч НӨАТ-ын шинэ системийн хэрэгжилтэд их хэмжээний хөрөнгө эргэлдэж буй юм.

 

Чухам юундаа тэгэж яаран сандарсныг би мэдэхгүй, гэвч туйлын бэлтгэл муутай, хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэлдээгүй байснаас НӨАТ-ын шинэ систем гацаанд ороод байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийг системд холбох эрх авсан цөөн хэдэн компаниуд тус бүрдээ өдөрт зөвхөн 4-5 компанийг л холбож чадах бөгөөд энэ хурдаар явбал НӨАТ-ын систем бүрэн хэмжээгээрээ ажиллатал хэдэн сар, жил ч болж магадгүй байгаа аж.

 

10 МЯНГЫГ НӨАТ-Д ТӨЛЧИХӨӨД ХОЁР МЯНГЫГ БУЦААЖ АВНА

 

НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, хонжворт сугалаа зэрэг нь эцсийн хэрэглэгчээр жижиг, дунд бизнесүүдийг дарамтлуулах хөшүүрэг төдий явц муутай ажиллагаа юм. Та сар болгон үсээ 5000 төгрөгөөр засуулдаг бол үсчнээсээ НӨАТ-ын дугаартай талон нэхсэнээр үсчин чинь 10 хувийн татвараа нэмэх, мөн НӨАТ-ын хэрэгжилтийн өртгийг нэмэх шаардлага гарах бөгөөд улмаар үнээ 6000-10000 болгон өсгөх шаардлага гарна. Мэдээж энэ бол таны төлөх үнэ. Ядуу дунд орлоготой иргэдийг татах зорилготой хэрэгжүүлж буй хоёр хувийн буцаан олголт нь угтаа 100 мянган төгрөгний бараа худалдан авч 10 мянган төгрөгний НӨАТ төлчихөөд дөнгөж хоёр мянган төгрөг буцаан авна гэсэн үг. Тэгээд ч хоёр мянган төгрөгийг олж авахад гаргах зардал ихээхэн өндөр тусна. НӨАТ-ын хонжворт суга­лааны хувьд түр зууртаа хэрэгжих процесс бөгөөд хоёр хувийн буцаан олголт ч мөн хэрэгжих өртөг нь өндөр тул тууштай хэрэгжих төсөл биш гэж харагдаж байна.

 

Хэдийгээр 50 сая хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлнө хэмээн заасан боловч энэ нь хангалтгүй бөгөөд 200 сая хүртэл орлоготой жижиг, дунд бизнесийг татвараас чөлөөлөх нь илүү үр дүнтэй байх болно.

 

НӨАТ нь хэдийгээр хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулах үр дүнтэй боловч улсынхаа нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэхгүй бол ихээхэн уршигт үр дагаварыг авчирдаг. НӨАТ-ын шинэ систем нь гадаад, дотоодын луйварчид, татвараас зугтагчдыг өршөөж тэдний төлөөсөнд дунд, доод давхаргын иргэдээ золионд гаргаж буй үйл явдал гэж харагдаж байна. Номхон морь ноолход амар, ноорхой ард түмэн дарлахад амар аа гэж!

 

Х.БАТСУУРЬ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
bambar:
Bukh uls dayaraa orokhgyi bol turuuled ene sistemd orson aj ahuin negj uneher hund baidald orj baina.oruulbal hurdhan bugdiig ni oruulakh hergetei.
2016-02-23
мэдээлэгч:
Баянгол дүүргийн 4-р хороонд байрладаг Астра худалдааны төв НӨАТ-ын кассгүй байна лээ. 20-р сургуулийн баруун талд байдгийн.
2016-02-22
Баадай:
Энэ бодлого манайх шиг хөгийн амьдралтай оронд хэрэгжих болоогүй дээд зэргийн тэнэг бодлого. Ажил хийсэн нэр зүүх гээд гадаадын бодлогыг хуулбарлан хүчирхийлсэн бодлого.Төр ухаантай л юм бол энэ ажлаа дарүй хурдан ЗОГСОО!!! 119.40.98.29-т суугаа тэнэг-ийн хариуг хараач хүмүүс ээ.
2016-02-21
ККККК:
МОНГОЛ ШИГ ИНГЭЖ ХОГИЙН ГЭНЭТ ГЭНЭТ КОМПАНИ ИРГЭДЭЭ ХОИРООСОН ШИЙДВЭР ГАРГАДАГ ТЭНЭГ МУЛГУУ ТӨРТЭЙ УЛС БАЙДАГ БОЛОТ УУ. ИХ БАЯЖСАН ЗАРДАЛ ГАРГАДАГГҮЙ ХҮМҮҮС Л ИЙМ ВСАНД ТЭСЭЖ ҮЛДЭНЭ. НЭГ ӨДӨР 68 ХУВЬ АВНА. НЭГ ӨДӨР 0 БОЛГОНО ГЭХ МЭТЧИЛЭН ЯГ Л ХАГАС МЭДРЭЛТЭЙ ХҮН ШИГ Л. ЯДАХДАА ХУГАЦАА ӨГӨӨД, ҮЕ ШАТТАЙ ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
2016-02-21
Hmm:
Hereglegchdees NOAT-iig ni avchihaad teriigee tolohgui gej nuuj haaj yavdag yum bol company baiguulj uilj ajillagaa yavuulj hii hooson gonshigonood yadgiin, NOAt-aa toldog company-d esvel tord orood l ajilla l daa, chadahguim baij neg ikh company ajilluulah gesen uls dampuurch l baig
2016-02-20
Зочин:
НӨАТ-ийг хэрэглэгч л төлж байгаа шүү дээ, компаниуд энэнээс болж дампуурна гэж юу байсан юм, ямар компанийн хармаанаас гарч байгаа биш
2016-02-20
Zochin:
Tatvariin talaar irgej haraasai .....hudaldaa erhelj bgaa Aj ahyu negj irged baraanii unee nemhees oor arga zam bhgui unen .....
2016-02-19
Zochin:
Tatvariin talaar irgej haraasai .....hudaldaa erhelj bgaa Aj ahyu negj irged baraanii unee nemhees oor arga zam bhgui unen .....
2016-02-19
Dalai:
Долларын ханш интэр гэсэн том юмаа анхаарахгүй байж жижиг дунд бизнесийхэн хэдэн хүн цалинжуулж хүмүүсийн өл залгуулдаг аж ахуйнуудыг дампуурал руу түлхэж байгаа засгийн газарт гүн эмгэнэл илэрхиылэхээс өөрөөр яах билээ хэлэх ч үг алга.
2016-02-18
Bi:
2 iig avahin tuld 20nemegdej bnda 2 n demjihgui bolohoor sugalaa gj tolgoi ugaana huurhiis nuguu hed n huurtana tur mungugui bollo gj ard tumnii karmaand garaa duch bnda
2016-02-18
Bi:
Ard tumen l hohirch bnshde 2iin tuluu 20 nemegdej bn terigigr ch oilgohgui yvj bnda huurhis gj
2016-02-18
zochin:
ene ni shig hereggui yum alga daa
2016-02-18
иргэн:
хэцүү болж байна даа ард түмэн туйлдаж байгааг ойлгодог болвуу? энэ жилийн сонгуулиар зөв сонголт хийгээсэй дэ.
2016-02-18
Зочин:
НӨАТ төлөхгүй гэвэл хуулиндаа л өөрчлөлт оруулах хэрэгтэй, Системд ч буруу байхгүй байхаа
2016-02-18
санаа:
Ард олон 2 НӨАТ буцаалт аваад л далд эдийн засаг ил болно гээд байсан Сайханбилэг ичээсэй үүнийг дагаад юмны үнэ нэмэгдэн аж ахуйн нэгж ард олноо татвараар туйлдуулна гэдэг нь тодорхой байнаа
2016-02-18