101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулна
2016-08-18

Гэрэл зургийг MPA.mn

 

2016-2017 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд Нийслэлийн боловсролын газрын сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул болон Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа Нийслэлийн төвийн зургаан дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.

 

Нийслэлийн статистик мэдээгээр цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байна. Энэ хичээлийн жилд Нийслэлийн боловсролын газраас 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж ажиллаж байгаа аж. Үлдсэн 43 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажил зохион байгуулах талаар тус газрын сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалтуул хэлж байна.

 

Нийслэлийн хэмжээнд 2 настай буюу шинээр цэцэрлэгт бүртгүүлэх 19 мянган хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдээс Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгт 9753 хүүхдийг бүртгэж авах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн 9200 орчим хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлэх ажлыг Нийслэлийн боловсролын газраас  зохион байгуулах  ажээ.

 

Энэ талаар НБГ-ын сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 31 цэцэрлэгийн шинэ буюу өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орны тоо 3990-ээр нэмэгдэнэ. Төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу нийт 615 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байна” хэмээв.

 

2014 онд төрсөн хоёр настай хүүхдүүд болон хуучин элсэгч нарыг энэ сарын 22-ноос 25-ны хооронд бүртгэх юм байна. Харин энэ сарын 26-нд багш ажилтан, эцэг эхийн төлөөлөл, хорооны нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хяналтын зөвлөл байгуулан элсэлтийн тасалбараар буюу сугалаагаар  элсэлтийг зохион байгуулах ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Khodolmorlood kheden odor shono dugaarlaj bgaa khumuuciig burtgekh ni zov bish uu
2016-08-19