Агаарын навигацийг хувьчлахгүй
2017-01-25

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлжээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигласан байна.

 

Иргэний нисэхийн хуульд зааснаар агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор юм.

 

Манайх олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид нэгдэн орсон.  Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ. Тиймээс “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулахаар Засгийн газраас өргөн барьжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлэн юм.  УИХ-ын гишүүн Л.Болд "Иргэний агаарын тээвэр монголын ард түмний эрх ашгийг хангахгүй байна. Үүний дараа аялал жуулчлалын асуудлыг ярих гэж байна. Гэтэл агаарын тээврийн компаниуд ард түмнийхээ эсрэг ажиллаж, өндөр үнэтэй нислэг үйлдэж байгаа шүү. Та нар олон улсын байгууллагын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа бол төлөөлөгчийн газар нь ажилла" гэсэн бол  гишүүн Ч.Хүрэлбаатар "Агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийг хувьчилна гэж хөөцөлдөөд байгаа хүн өнөөдөртөө байхгүй байх. Өмнө нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг яаж хангаж байсан гэсэн үг вэ. Монголчууд өнөөдөр өндөр үнэ төлж, бусад оронд хүрч байна. Ард иргэдийн халааснаас бага мөнгө гарна, хэрэглэгчийн эрх ашиг үүгээр дээдлэгдэнэ гэсэн асуудлыг ярих ёстой. Гэтэл эсрэгээрээ төр бүгдийг нь авна, Засгийн газар баталгаа гаргана гэхчлэн ирэх дөрвөн жилийн бодлоготойгоо уялдуулаагүй асуудал ярьж байна" хэмээсэн юм.

 

Мөн гишүүн Ж.Ганбаатар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг хувьчилж болохгүй үндэслэлийн талаар болон бусад орны жишгийн талаар тодруулсан юм. Өдөрт Монгол Улсын агаарын орон зайд өдөрт тодорхой тооны тогтмол нислэг үйлдэгддэг. Нэг онгоцонд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж ашигладаг байна. Эдгээрийг хувьчлах эрх зүйн орчин бүрдээгүй, агаарын орон зайн аюулгүй ажиллагааг хангах дүрэм, журмууд бүгд хуульчлагдсан байдаг гэсэн тайлбарыг ажлын хэсгийн зүгээс өгөв. 

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Манайх өргөн уудам нутагтай. Тиймээс энэ салбарыг онцгойлон хөгжүүлэх ёстой салбар тул бид хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй. Нисэхийн салбарт төрийн бодлого тусч, шахаж шаардаж явах ёстой." гэсэн юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ulsin tosvoos bish oorsdinhoo orolgoor horongo oruulj bga shu
2017-01-25