Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх төслийг дэмжсэнгүй
2017-01-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Уг хуулийн төсөлд “УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг УИХ-ын даргын зөвлөл хуралдан шийддэг. Харин энэ хууль батлагдсанаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тодорхой асуудлыг оруулж хэлэлцүүлэх эрх бүрдэх юм билээ. Ингэхдээ чуулганаар асуудал хэлэлцүүлэх санаачилгыг  Монгол Улсын нийт шаардлагатай босго тоог сонгуулийн эрх бүхий иргэдийн тооноос хувиар тооцон тогтоорх юм байна.  Сонгуулийн эрх бүхий санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах,  шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулах юм байна.  УИХ-ын чуулганаар асуудал хэлэлцүүлэх санаачлага нь иргэдэд зөв мэдээлэл өгөх танилцуулга, гарын үсгийг цуглуулах хуудаснаас бүрдэх, эдгээрийг бүрдүүлэх журам, тухайн баримт бичигт тавигдах шаардлагыг тусгах гэнэ.   Санаачлагчдын бүлгээс саналын талаар сурталчилгаа хийх, зардлыг өөрсдөө хариуцахаар заажээ.   Уг санаачилгыг УИХ-ын тамгын газар бүртгэж, хуульд заасан шаардлага хангасан бол уг санаачилгыг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ.

 

Мөн сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар заасан байна.

 

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудлаар тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ.  Ард нийтийн санал асуулга явуулахаар сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй” хэмээн заасан байв.

 

Гишүүд  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асууж асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах гэж байна хэмээн шүүмжилж байлаа.  Ингээд санал хураалт явуулахад Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

 

Дараагаар нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслөөр асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс байнгын хорооны дэмжсэн анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явууллаа. Гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжсэн юм.

 

Ингээд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санал хураан, баталлаа.

 

Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин