Бодибилдингийн тамирчин зуурдаар нас барлаа
2017-09-25

 

Сингапурын бодибилдингийн тамирчин Мутай боксын үзүүлэх тоглолтод оролцсоны дараа амьсгал хураалаа.

 

Өнгөрөгч амралтын өдрүүдээр 32 настай Прадип Субраманиан гэгч бодибилдингийн тамирчин эр анх удаагаа Мутай боксын тулаанд оролцжээ. Тэрбээр тулаанд Лим хэмээх өрсөлдөгчтэй нүүр тулсан бөгөөд Лимийн өрсөлдөгчийг орлож оролцсон гэнэ. Учир нь Лимийн өрсөлдөгч болох ёстой байсан Силвестэр Сим нь даатгалын асуудлаас болж оролцох боломжгүй болоод байсан юм байна.

 

Сим болон Лим нар нь “Сингапурын шүтээн” цувралын анхны буюу 2004 оны улирлын оролцогч нар байснаас гадна Youtube одууд байсан аж.

 

41 настай Лим тулаанд ялсны дараа, Субраманиан нь эмнэлэгт хүргэгдсэн боловч тэндээ амьсгал хураасан байна. Энэ талаар тулааныг зохион байгуулсан холбоо тус орой нь олон нийтэд мэдэгдсэн юм.

 

Эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр түүний зүрх ачааллаа дийлэлгүй зогссон нь үхлийн гол шалтгаан болсон байна. Харин нарийвчилсан шалтгааныг нэгээс хоёр сарын дараа гаргах боломжтой гэж албаны хүмүүс мэдэгдэж байна.

 

Энэ талаар түүний өрсөлдөгч Лим “Тайван нойрс. Миний хүндэлдэг, аймшиггүй зоригт тулаанч найз Прадип Субраманиан минь” гэж фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин