Пёнчан 2018 өндөрлөв
2018-02-26

 

Цагаан сарын хөл хөдөлгөөнд дарагдаж Монголчууд төдийлөн ач холбогдол өгч чадаагүй Пёнчан 2018 өвлийн олимп өчигдөр орой хөшгөө хураалаа. Манай улсыг төлөөлж оролцсон тамирчид гүйлтийн цанын төрөлд өрсөлдөцгөөж амжилттай барианд орсон, гэвч үүнээсээ өмнө тэдний нээлтийн арга хэмжээнд өмссөн хувцас цахим ертөнцөд Монголчуудад таалагдаагүй, Монголчуудын хамгийн их дэмждэг ОХУ-ын тамирчид тэмцээний эцсийн өдрүүдийг хүртэл алтан медальгүй байсан гэх мэтээр бидний хувьд онцлох зүйлс болж өнгөрөв.

 

Тэмцээн өндөрлөхөд 2 өдөр дутуу байхад ОХУ нэг ч алтан медальгүй байснаас гадна, өнөөх л сэргээшийн асуудал тэднийг дахин нөмөрч, хоёр ч тамирчнаас нь сэргээш илрээд амжсан. Гэхдээ манай цагаар баасан гаригт 16 нас шүргэж яваа Алина Загитова гэх охин ОХУ-д анхны алтан медалийг нь авч ирсэн. Нутаг нэгт Медведеватай өрсөлдсөн тэрбээр олимпийн аварга болсноор өвлийн олимпийн хамгийн их үзэгчтэй, хатан спорт гэгддэг уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөлд шилдэг нь гэдгээ харуулсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр Павел Дацюкаар ахлуулсан ОХУ-ын эрэгтэй хоккейн баг ЗХУ задарснаас хойш буюу ОХУ болсноос хойш анх удаагаа олимпийн аварга боллоо. Хэдийгээр Овечкин, Малкин тэргүүтэй NHL-ийн сүпер одууд нь шигшээдээ багтаагүй боловч олимпийн аваргаас өөр медаль хэрэггүй байсан Дацюк цуглуулгандаа олимпийн алтан медалийг 39 насандаа нэмсэн юм. Ингэж ОХУ-ын тамирчид олимпийн хорооны туган доор БНСУ-д өрсөлдөж хаан, хатан гэгдэх хоёр төрөлд нь дэлхийн аварга болж Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ОХУ тийш хандуулж чадав.

 

 

ОХУ нийт 17 медаль авснаас 2 алт, 6 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж медалийн чанараар 13 дугаар байранд жагссан юм. Харин уг олимпийн наадамд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцсон АНУ-ын баг 9 алт, 8 мөнгө, 6 хүрэл нийт 23 медальтайгаар 4-р байранд жагссан. Харин тэмцээнийг аль улс медалийн чанараар тэргүүлэх вэ гэдэг асуулт эцсийн өдөр хүртэл үргэлжилсэн юм. Учир нь Норвеги болон Германы багууд тус тус 14 алтан медальтай байсан билээ. Ингээд Пёнчан тосгоны шар айргийг хамгийн ихээр дундалсан Германы баг ОХУ-ын багийг хоккейн эрэгтэй төрөлд хожсон бол нэгт жагсах байв. Харамсалтай нь түүх тэгж бичигдсэнгүй. Норвегийн баг 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж медаль хүртсэн бүх 30 орныг тэргүүлсэн юм. 150000 км2 жижигхэн газар нутагтай 5.3 сая шүргэх хүн амтай уг улсын хувьд ийнхүү бүх улсыг медалийн тоо болон чанараар тэргүүлж чадлаа. Харин гуравдугаар байранд Канадын баг тамирчид орсон бол айргийн тавд тэшүүрийн төрлийн хаан улс гэгддэг Нидерланд улс орсон юм. Талбайн эзэн БНСУ-ын баг 5 алт, 8 мөнгө, 4 хүрэл медаль авч хүснэгтийн 7-р байранд жагссан бол тэдний ахан дүүс болох БНАСАУ харамсалтай нь ямар нэгэн медаль хүртэж чадсангүй. Азийн төлөөлөл орнуудаас Япон улс 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бол манай өмнөд хөрш БНХАУ 1 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн юм. Ази тивээс медаль хүртсэн 4 дэх улс бол Казахстан байлаа. Тэд могул буюу фрийстайл цанын төрөлд хүрэл медаль хүртсэнээр 28-30 дугаар байранд жагссан.

 

Харин уулын цанын болон гүйлтийн цанын төрөлд нийт 3 тамирчин илгээсэн хамгийн жижиг улсуудын нэг болох Лихтенштейн эмэгтэй цанын сүпер-жи төрөлд хүрэл медаль хүртсэнээр медаль авсан орнуудыг цэглэв. Сонирхуулахад Лихтенштейн бол 160 км2 газар нутагтай, 37000 хүн амтай улс билээ.

 

 

Ингээд эдгээр медаль авсан болон тэдэнтэй хоргүй сайхан өрсөлдсөн 3000 гаруй тамирчид Пёнчан цэнгэлдэх хүрээлэнд жагсаж, галт наадам болж, урлагийн тоглолт болсноор хоёр долоо хоног үргэлжилсэн өвлийн олимп өндөрлөв. Мэдээж хэрэг цээж нүцгэн Тонга залуугүйгээр уг олимпийн наадмыг төсөөлөхийн аргагүй.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин