Иракт, АНУ байнгын цэргийн баазаа байршуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй
2018-07-23

АНУ-ын эрх баригчид Иракийн нийслэл Багдад хотноо байнгын цэргийн баазаа байршуулах сонирхолтой буйгаа олонтоо илэрхийлсэн. Тэгвэл “Багдад хотно цэргийн баазаа байршуулахыг АНУ-д зөвшөөрөхгүй” хэмээн Иракаас ОХУ-ын нийслэл Москва хотноо суух бүрэн эрхт Элчин сайд Хайдер Мансур Хади мэдэгдлээ.

 

 

Тэрбээр энэ амралтын өдөр Оросын “TASS” агентлагт цаг үеийн асуудлаар ярилцлага өгөх үеэрээ ийнхүү мэдэгдэв.

 

Элчин сайд “Багдад хотноо АНУ байнгын цэргийн байршуулах төлөвлөөгтэй байх эсэхийг нарийн мэдэхгүй байна. АНУ-ын цэргийн албан хаагчид  Иракийн армийнханд зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ АНУ, Иракт байнгын цэргийн баазаа байршуулах хүсэлтэй буйгаа  илэрхийлвэл бид ҮГҮЙ хэмээн мэдэгдэх болно. Иракийн Засгийн газар энэхүү хүсэлтийг хүлээн авахгүй гэдэгт итгэлтэй байна. Иракийн тусгаар тогтнол, ард түмнийг хамгаалах нь бидний хийх ажил” гэж ярьжээ.

 

АНУ-ын эрх баригчид 2011 оны арванхоёрдугаар сард Иракт үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдаа эргүүлэн татсан. Харин 2014 оны наймдугаар сард Иракийг эзлэхийг санаархаж буй Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахын тулд дахин цэргээ илгээсэн билээ.

 

Ирак олон улсын дэмжлэгээр 2017 оны арванхоёрдугаар сард Исламын улс бүлэглэлийг ялж, Иракийн газар нутгийг чөлөөлсөн хэмээн тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин