Ши Жинпин: Бид хамтдаа хоёр орны ард түмний өмнө ажлаа сайн гүйцэтгэсэн 
2019-06-06

БНХАУ-ын дарга Ши Жинпин Орост хийх төрийн айлчлал эхэллээ.


Риа новости агентлагийн мэдээлснээр Ши Жинпиний онгоц Москвагийн цагаар зургаадугаар сарын 5-ны 12 цагт \Улаанбаатарын цагаар 17.00 цагт\ “Внуково-2” онгоцны буудалд газардсан байна.


Түүнийг Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Козлов, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, Орос дахь БНХАУ-ын Элчин сайд Ли Хуэй, Хятад дахь Оросын элчин сайд Андрей Денсиов, ОХУ-ын ГХЯ-ны Улсын протоколын департаментын захирал Игорь Богдашев нар угтан авчээ. 


Түүнийг угтан хүндэт харуул зогсон, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн байна. 

Энд дуулгахад, Хятадын төрийн тэргүүний энэ удаагийнайлчлал нь өнгөрсөн онд Ши Жинпин БНХАУ-ын даргын албан тушаалд сонгогдсноос хойших анхны айлчлал болж байгаа юм.


Орос-Хятадын хэлэлцээр 


Төрийн айлчлалаа Москвад эхлэсэн Ши Жинпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн ордонд уулзлаа. 

Уулзалтын үеэр тэрбээр бүхий л цаг хугацааны туршид Орос-Хятадын харилцаа дэлхийн болон хоёр орны нөхцөл байдлын өөрчлөлтийг даван туулсан гэдгийг онцолсон юм. 


“Бид алхам алхмаар хоёр орны хоорондын харилцааг түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Бид хоёр орны ард түмний өмнө ажлаа сайн гүйцэтгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй” хэмээн Ши Жинпин Владимир Путинтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 


Түүнчлэн хоёр орны ард түмэн, түүгээр зогсохгүй олон улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон өөрт нь ихээхэн итгэл найдвар тавьж байгааг Ши Жинпин онцоллоо. 


Харин ОХУ-ын Ерөнхийлөгч түүнийг айлчлан ирсэнд болон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор зөвшөөрсөнд талархал илэрхийлсэн байна. 


Хоёр орны хэлэлцээрийн дараа Путин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, дэлхийн нийтийн гол асуудлаарх Орос, Хятадын байр суурь олон талаар нийцэж байгааг онцолсон юм. 


Түүний өгүүлснээр хэлэлцээрийн үеэр Орос-Хятадын стратегийн түншлэлийн нэн чухал, шийдэл шаардсан асуудлуудыг хэлэлцэн, “хоёр орны түншлэл нэн өндөр түвшинд хүрсэн” гэдгийг нотолсон байна.

 
Түүнчлэн Хятад улсын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэнд Владимир Путин талархаад, энэ нь өмнө нь товлосон төлөвлөгөөг үр ашигтай хэрэгжүүлэхэд туслана хэмээжээ. 


Харин БНХАУ-ын дарга өөрийнх нь Орост хийж буй айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Ши Жинпин, Владимир Путин нар уулзалтынхаа үеэр эрчим хүчний асуудлууд, онгоц болон хүнд нисдэг тэрэгний хамтарсан төсөл, худалдаа санхүүгийн эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, сансар болон дэд бүтцийн талаар ярилцжээ. Мөн хамгийн өргөн сэдвүүдийн дунд Евразийн эдийн засгийн холбоог Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгатай уялдуулах мөн Солонгосын хойгийн нөхцөл байдал багтсан байна.  


Энд дуулгахад, Хятадын төрийн тэргүүний айлчлал зургаадугаар сарын 5-7-ны хооронд болно. Айлчлалын хөтөлбөрт зааснаар, Ши Жинпин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хүндэт зочны хувиар оролцох юм. 

Г.Бямбасүрэн

 


 

Shuud.mn
Сонин хачин