Вирус судлаач: Орост COVID-19 тахлын оргил үе өнгөрсөн
2020-05-21

Орост COVID-19 тахлын оргил үе  хэдийнэ өнгөрсөн байх магадлалтай гэж Оросын анагаах ухааны доктор, вирус судлаач, профессор Анатолий Альтштейн НСН сувагт ярилцлага өгөхдөө онцолжээ. 

 

Лхагва гаригт Оросын халдвартай тэмцэх шуурхай штаб мэдэгдэл хийхдээ хоногт эмнэлгээс гарсан хүний тоо 9262 бүртгэгдсэн нь  тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж мэдэгдэж байлаа. Мөн өнгөрсөн хоногийн хугацаанд халдварын тохиолдол 8764 илэрсэн нь эдгэрсэн хүний тоогоос бага байсан бөгөөд коронавирусийн өсөлтийн хэмнэл буурах хандлага ажиглагдаж байгаа талаар дэд сайд Татьяна Голикова мэдэгдэж байв. 

 

Ийнхүү шинээр халдвар авсан хүмүүсийн тоо буурч байгаа нь тахлын оргил үе төгсгөлрүүгээ ирж байгааг илтгэж байна гэж вирус судлаач Анатолий Альтштейн үзсэн байна.

 

"Гол тоо нь халдвар авсан хичнээн хүн илэрч байгаа гэсэн үзүүлэлт юм. Тавдугаар сарын 1, 2-ны өдрөөс эхлээд энэ тоо нэг л түвшинд байна. Сүүлийн өдрүүдэд буурч эхэлсэн, 10 мянга хүрэхгүй байгаа. Энэ нь зарим талаар буурч байгааг илтгэж байгаа юм. Одоо бид тэнцвэрийн үе дээрээ ирчихсэн байна, оргил үеийг хэдийнэ туулчихсан. Зуун хувь итгэлтэй хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ аажмаар халдвар буурна" хэмээн Альтштейн өгүүлжээ.

 

Энд дуулгахад, дэлхий даяар халдвар авсан хүний тоо таван саяыг давж, 317 мянга гаруй хүн нас барсан бол Орост COVID-19 вирусийн халдварын тохиолдол 309 мянга гаруй болсноос 3000 орчим хүн нас барж, 85 мянга гаруй хүн эдгэрчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин