Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байна 
2020-07-23

 

Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Дэлхийн Банк коронавирусын өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” судлах, хяналт шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний түүвэр болох 1334 өрхөөс COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг утсаар авчээ.  Энэхүү судалгаанд 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дэд түүврийг ашигласан байна.  Эдийн засгийн дамжих сувгууд, мэдээллийн хүртээмж, зан үйлийн өөрчлөлт, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал,  нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр асуумж авч судалжээ. COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны 2020 оны 5-р сарын 22-29-ний өдрүүдэд явуулсан эхний шатны үр дүнг дүгнэжээ. Судалгаагаар:

 

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна

 

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгджээ. 

 

Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн байна. 

 

Ядуу өрхүүдийн 85 хувь нь цочролд өртжээ 

 

Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна.

Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болжээ. Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн байна. Тэрчлэн  өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурджээ. 

 

Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байгаа нь судалгаанаас харагджээ. Амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна. Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлжээ. 

 

Засгийн газрын хөл хорих арга хэмжээний талаар мэдээлэл сайтай байна

 

Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг судалгаанд хамрагдагсад мэдэгджээ.  Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна.  Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.

 

Засгийн газрын хөл хорих арга хэмжээний талаар мэдээлэл сайтай байгаа нь судалгаараар ажиглагджээ.  Судалгаанд оролцогчдын 97 хувь нь гэртээ байхыг уриалсныг, 96 хувь нь сургууль, цэцэрлэг хаасныг, 80-аас дээш хувь нь хөдөлгөөн хязгаарласныг мэдсэн байна. Дийлэнх хүмүүс урьдчилан сэргийлэх, олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийх мөрдлөгийг дагаж байна. Судалгаанд оролцогчдын 94 хувь нь гараа тогтмол угааж, 88 хувь нь гар барихаас татгалзаж, 86 хувь нь олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийж байна. 

 

Одоогийн байдлаар цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй. Дараагийн шатны судалгааг 2020 оны 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр хийхээр төлөвлөсөн.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин