Л.Мөнхтүшиг: Энэ сард 13 удаагийн нислэг үйлдэж, 3380 иргэнээ татаж авна
2020-09-08

 

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Энэ сард урьдчилсан байдлаар 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан.  БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар 5 мянгад хүрсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан есдүгээр сарын 21-нд Токио хот руу үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг Япон болон БНСУ-д байгаа иргэддээ мэдээлсэн.

 

Япон улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 700 гаруй байгаа ч есдүгээр сардаа багтаж яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тун цөөхөн байсан. Иймд Токио хот руу үйлдэх нислэгийг хойшлуулж аравдугаар сард болгох урьдчилсан шийд гарсан. Үүнтэй холбоотой энэ сард Сөүл чиглэлийн нислэгийг гурав байсныг дөрөв болгон нэмэгдүүлж  байна.

 

Үүнээс гадна  нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 11800 байгаа. Тухайлбал,

БНСУ-аас 5 мянга иргэн 

АНУ-аас 2 мянга орчим иргэн 

Австрали улсаас- 700 орчим иргэн байгаа

 

Хамгийн олон нутаг буцах хүсэлтэй гаргасан бүс нутгуудыг дурдлаа. 

 

АНУ-аас  нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдээс Сөүл хотоор дамжин нутаг буцах билеттэй байгаа иргэн 48 орчим хувь байна. Энэ сард Сөүл руу транзит нислэг үйлдэхээр төлөвлөөгүй байсан бөгөөд тухайн иргэдийн зүгээс хүсэлт гаргасан. Учир нь Сөүл рүү буцах билеттэй бол нислэгийн өдрийн сольж өгөх боломжтой ч нислэгийн тийз худалдаж авсан мөнгийг бүрэн буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлсний үндсэнд есдүгээр сарын 16-нд  Сөүл хот руу нэмэлт нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигчдыг авах шийдвэр гарсан.

 

Ингэснээр есдүгээр сард нийт 13 нислэг үйлдэж 3380 орчим иргэдийг татан авч байна. Сарын сүүлээр тусгаарлах байрны нөөц боломжтой уялдуулаад Казахстан улс руу нислэг үйлдэх боломжийг судалж байна.

 

Монгол улсаас холимог гэр бүл БНХАУ-руу зорчих хүсэлтийг удаа дараа ГХЯ-нд тавьж байгаа. Эдгээр иргэдтэй өдөр болгон уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж байна. БНХАУ-ын талд энэ асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Ойрын хугацаанд энэ асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ гэсэн хүлээлт байгаа.

 

Мөн ГХЯ-нд Япон улс руу явах хүсэлтэй 240 орчим иргэн хүсэлт гаргасан. Хэдийгээр Япон улсаас байнга оршин суух зөвшөөрөл өгсөн боловч виз олгох зөвшөөрлийг Япон улсын ГХЯ-наас  Элчин  сайдын яаманд одоогоор ирүүлээгүй байгаа. Энэ асуудлыг Япон улсын түвшинд хэрэгжиж байгаа коронавирусээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээтэй хэрхэн уялдуулж зохион байгуулах боломжийг Япон улсын Элчин сайдын яамтай ярилцана. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин