ВИДЕО: Новосибирск хотод ШТС дэлбэрч, 30 хүн гэмтжээ
2021-06-15

Зургадугаар сарын 14-ний өдөр Оросын Новосибирск хотод шатахуун түгээх станцад гал түймэр гарчээ. Ослын улмаас 1200 квадрат метр талбайг гал бүрхэж, аврагчид олон цагийн туршид ажилласан байна. Шатахуун түгээх станцын талбай дээр хийн баллонууд, түлштэй цистернүүд байсан нь аврах ажил гүйцэтгэхэд ихээхэн хүндрэл учруулж байсан талаар Регнум мэдээлжээ. Хэргийн газарт 111 хүн, 34 техник ажиллан, ослын хор уршгийг арилгаж байгаа аж.

 

Дэлбэрэлт, гал түймрийн улмаас ойролцоо орших орон сууцнуудад аюул учрахгүй гэж Онцгой байдлын яам мэдээлж байсан ч оршин суугчид байрных нь хана цуурсан талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн бол зарим газарт байрнуудын цонх хагарчээ. Сүүлийн үеийн мэдээллээр, ослын улмаас 30 хүн шархадсанаас долоон хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

Орон нутгийн хэвлэлүүдээр ойролцоох орон сууцнуудын цонх хагарсныг харуулах гэрэл зургууд нийтлэгдсэн байна. NGS.ru порталын мэдээлснээр, ойролцоох есөн давхар руу гал ойртсон ч гал сөнөөгчид нэн даруй галыг цааш тархахаас сэргийлж чадсан байна. Гал түймрийн үеэр хийн баллонууд төдийгүй, түлштэй цистернүүд дэлбэрчээ. Олон нийтийн сүлжээнд байршуулсан нэгэн бичлэгээс харахад, түлштэй нэг цистерн дэлбэрч, 300 метр зайд шидэгджээ. 

 

Новосибирск мужийн Онцгой байдлын газрын даргын өгүүлснээр, хий тээвэрлэгч автомашин суурин сав руу хий юүлэх үед автомашиныг газардуулаагүй нь  гал түймрийн шалтгаан болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай ШТС-д орон сууцны хороолол дунд байгаа учраас анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна даа!
2021-06-15