НҮБ-ын нарийн бичгийн дарга талибуудтай хэлэлцээ хийхийг уриалав
2021-09-10

Афганистаны эрх мэдлийг булаан авсан "Талибан" хөдөлгөөнийхөнтэй хэлэлцээ хийхийг дэмжихийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш олон улсад хандан уриалжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Талибуудтай хэлэлцээр хийснээр олон сая хүнийг үхлээс аврах боломж олгоно гэж Гутерриш мэдэгдсэн байна. "Өөрсдийн зарчмыг баримтлан, талибуудтай холбоотой байх ёстой. Ийм хэлэлцээ нь Афганы ард түмэнтэй эв санаа нэгтэй байхад зориулагдах юм" хэмээн Гутерриш мэдэгджээ.

 

НҮБ-ын хурал дээр Хятадын байнгын төлөөлөгч Гэн Шуан ч мөн мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр Афганистаны шинэ эрх баригчдад гадаадад байгаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эргүүлэн өгөхийг олон улсад хандан уриалсан юм. Афганы хөрөнгүүд царцаасан нь тус улсын эдийн засгийн хүндрэлүүдийн гол шалтгаануудын нэг хэмээн Хятадын байнгын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Харин НҮБ-ын дэргэдэх Афганистаны байнгын төлөөлөгч талибууд хүний эрхийг зөрчиж байгаа нөхцлийг үнэлж дүгнэхийн тулд олон улсын төлөөлөгчдийг Афганистан руу илгээхийг уриалжээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулыг зэвсэггүйгээр эзлэн авч, улмаар Афганистаны нутаг дэвсгэрийг бүрэн хяналтдаа оруулснаа зарласан юм. Энэ өдөр тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхний хамтаар Арабын Нэгдсэн Эмират Улс руу дүрвэсэн. Талибууд энэ долоо хоногт Засгаа эмхлэн байгуулсан бөгөөд шинэ засгийн бүрэлдэхүүнд Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин