Эрээн боомтоор чингэлэггүй нүүрс нэвтрүүлэхийг хориглов
2021-11-29

Сүүлийн үед Хятадын хойд нутгуудаар, тэр дундаа Өвөр Монголын нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ цар хүрээг нэмэгдүүлсээр байна. Өмнө нь хилийн боомтыг хааж, иргэдээс шинжилгээ авах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авч байсан бол энэ удаад хилээр дамжин бараа бүтээгдэхүүнээр коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх үүднээс төмөр замын тээвэрлэлтэд хязгаарлалт тавьжээ. 

 

Тодруулбал, 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрээн хотын Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэг шинэ журам гаргасан байна. Энэ журамд зааснаар, боомт хотод хилийн чанадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнээр дамжин вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, хяналт тавих үүднээс төмөр замын боомтод тавигдах хяналтыг чангатгаж, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор нүүрс, газрын тос, цайрын хүдэр, төмрийн хүдэр, гангийн хүдэр, химийн бүтээгдэхүүнүүд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон гараар ачиж буулгах шаардлагатай бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг чингэлэггүйгээр хүлээн авахгүй болсон байна. 

 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсгийн мэдэгдсэнээр Эрээн хотод халдварын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгаа тул ийм журам гаргасан гэнэ. Нөхцөл байдлаас шалтгаалан журамд өөрчлөлт оруулах бөгөөд энэ талаар тухай бүрт мэдэгдэнэ гэж албан бичигт өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин