Туулын усыг төрийн удирдлагуудад хүргэнэ
2012-03-14

Туул голын уснаас төрийн удирдлагуудад хүргэх арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Дэлхийн усны өдрөөр буюу энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах уг арга хэмжээ “Дуслыг хэмнэе, дуусахаас сэргийлье” уриан дор болох юм байна. Үйл ажиллагааны хүрээнд таван мянга гаруй иргэн Зайсангийн гүүрнээс Засгийн газрын ордон хүртэл Туулын усыг гар дамжуулан өртөөлүүлж төрийн удирдлагуудад хүргэх ажээ.   Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Монголын ногоон суваг” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Туулаас аравнайлж авсан усаа Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт  гардуулах юм байна.   Энэ нь шийдвэр гаргагчдын анхаарлын төвд усыг оруулах, хамгаалахад чиглэсэн бодлогыг боловсруулахад нөлөөлөх, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах зорилготой аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин