
Нийслэлийн III амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч С.Ганболдтой уулзаж ярилцсанаа хүргэе. 1966 онд “Найрамдлын районы гуравдугаар төрөх” нэртэйгээр байгуулагдсан тус газрыг “Төрөлт буурсан” гэх шалтгаанаар 1998 онд татан буулгасан гэдэг. 2000 оноос төрөлт эрчимтэй нэмэгдсэн тул Засгийн газрын шийдвэрээр 45 ор, 100 эмч ажилтан бүхий III амаржих газрыг дахин байгуулсан аж. Өдгөө шинэ барилгын ажил дуусах шатандаа орсон ч хөрөнгө мөнгөний шалтгаанаар ашиглалтад орох хугацаа нь нэлээд хойшлогдсон юм билээ.
-Төрөх эхчүүдийн орны асуудал шинэ байртай болох хүртэл шийдэгдэх боломжгүй гэсэн. Хэдий болтол ийм ачаалалтай ажиллах вэ?
-Шинэ байр баригдаж байгаа, хараахан ашиглалтад орох болоогүй байна. Шинэ амаржих газрын Тус барилгын ажил ирэх оны аравдугаар сарын нэгэн гэхэд дуусах ёстой. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад орох ёстой байсан ч, хөрөнгө мөнгөний шалтгаанаар хэсэг хугацаанд барилгын ажил зогссоноос болоод хойшлогдсон. Гэхдээ бид орны хүрэлцээ муу гээд төрөх хугацаа нь болчихсон эхийг шалан дээр төрүүлэхгүй шүү дээ. Коридорт ч хамаагүй, ор тавиад ямар нэгэн аргаар зохицуулалт хийнэ. Төрөхийн өмнөх хүндрэл, дутуу төрөх гэж байгаа, жирэмсний хордлоготой хүмүүсийг хүлээж авах асуудал нэлээд хүндрэлтэй. Жирэмсний энгийн тасагт буцаалт ихтэй байна. Хүлээн авах тасагт ирсэн эхчүүдээс 55 хувийг нь буцаадаг тул хүлээлт үүсдэг. Мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай учраас гаднаас өлгий, даавуу авах боломжгүй. Төрөх тасагт хэрэглэж буй өлгийн даавууг үргэлж цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг учраас элэгдэж муудах нь ч амархан.
-Төрсөн эхчүүдийг 24 цагийн дотор эмнэлгээс гаргаж байгаа. Гэтэл төрсний дараахи ямар нэгэн хүндрэл үүсвэл яах вэ?
-Үүнийг зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус тухайн эхийн мэдлэг боловсролтой холбож үзэх хэрэгтэй. Эхчүүд жирэмсэн болохоосоо өмнө эрүүлжих ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Төрсний дараа өмнө нь байсан суурь өвчнүүд сэдрэх магадлалтай байдаг. Үүнийг төрөлттэй холбож, буруу ойлгох нь бий. Манайхан жирэмсэн болчихвол бүх асуудлаа эрүүл мэндийн байгууллагад даатгана гэж эндүүрнэ. “Та нар л үзэж, үнэгүй үйлчлэх ёстой” гэж тулгадаг. Энэ чинь нийгмийн буруу тогтолцооны нэг хэсэг.
-Сүүлийн үед үр хөндөлт эрс нэмэгдсэн гэх судалгаа бий. Хувийн эмнэлэгт үр хөндүүлж, үр зулбуулах эм бэлдмэл хэрэглээд бие нь муудсан бүсгүйчүүд танайд ирдэг гэсэн?
-Тийм ээ, энэ асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Гэр бүл доторхи хамгийн ядарсан арга шүү дээ, энэ чинь. Урьдчилан сэргийлж, хамгаалах арга зөндөө байхад түүнийг огт хайхрахгүй юм. Үр хөндөлт хийлгэж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь амьжиргааны түвшин доогуур амьдралтай эмэгтэй юм уу оюутан сурагчид байдаг. Эрүүл мэндийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэг муугаас болж амбулаторид энэ талын тусламж үйлчилгээ нь үнэ төлбөргүй, спираль тавьж, эм өгдөг гэдгийг ч мэдэхгүй юм. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн томоохон эмнэлэг ховор. Нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүд Нэгдүгээр эмнэлэгт л хандаж байна шүү дээ. Бусад нь дандаа хувийнх тул системтэй эмчилгээ алга. Үзлэг хийж, эм бичиж өгөөд л баахан мөнгө авахаас биш хянаж эмчилнэ гэж байхгүй. Эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлээгүй тохиолдолд эхийн эндэгдэл, нярайн өвчлөл буурна гэж байхгүй. Сүүлийн үед хувь, хувьсгалын олон эмнэлэг бий болсонтой холбогдуулан үр хөндөлт нэлээд нэмэгдлээ. Үр хөндөлттэй холбоотой хүндрэлүүд ч нэмэгдсэн. Ялангуяа эмийн үр хөндөлт. Тухайн бэлдмэлийг яаж хэрэглэх, хэрхэн хяналт тавих талаар ямар ч мэдлэггүй байж дур мэдэн авч байгаа нь харамсалтай. Хувийн эмнэлэгт үр хөндөлт хийлгэснээс болоод цус алдаж, манайхыг зорьсон эмэгтэй олон бий. Ийм үед зулбалт юм уу эмийн үр хөндөлтийн хожуу үе эсэхийг нь ч ялгахад бэрх. Их хэмжээний цус алдаж, ухаантай ухаангүй хоёрын хооронд ирж байгаа хүүхнүүд үнэхээр сэтгэл эмзэглэмээр харагддаг. Зарим нь үр зулбуулах эм ууснаас болж даралт нь ихсээд, таван сартай хүүхдээ дотуур өмдөндөө унагаснаа ч мэдэхгүй ирдэг гээч.
-Танайх үр хөндөлт хийдэг биз дээ. Ураг болон эхэсээ хаана хаядаг юм бэ. Энэ талын зохицуулалт муугаас бол дутуу төрсөн нярай, эхэсийг нохой зуугаад ирсэн тохиолдол ч бий?
-Манайх эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу үр хөндөлт хийх албан ёсны зөвшөөрөлтэй. БЗД-ийн хувьд, хувийн эмнэлгийг эс тооцвол эмэгтэйчүүдийн гэхээр эмнэлэг огт байхгүй. Тиймээс жирэмсний өмнөх болон хожуу хордлого, хавсарсан өвчтэй эхчүүд манайд л хандана. Үр хөндөлт, хожуу үеийн зулбалтаас шалтгаалсан цэвэрлэгээг хүртэл энд хийдэг. Сүүлийн үед үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж, өсвөр насны охид голдуу зонхилох болж. Үр хөндөлт хийлгэсэн охидоос хамгийн бага нь 12 настай гээд бод доо. 34 настай нэг бүсгүй 24 удаа үр хөндлөлт хийлгэсэн байх жишээтэй. Зарим охид энэ байдлаа “Хожуу үеийн зулбалт” гэж оношилж, улайм цайм худлаа ярьж суудаг. Үр хөндөлт хийлгэчихээд дуу аялах нь холгүй гараад явчихдаг тэдэнд юу ч хэлэх билээ дээ.
-Сэтгэцийн өвчтэй хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ. Хүүхдээ ч өсгөх чадваргүй эх олон байдаг шүү дээ?
-Тийм ээ, ийм эхчүүд цөөнгүй. Сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт эх нь хэвтэж буй нэг бүсгүй жирэмсэн болоод ирсэн. Удамшсан өвчтэй, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, бусдын асрамжинд байдаг энэ бүсгүй таван сартай жирэмсэн гэдгээ ч мэдэхгүй явж байна. Яаралтай зөвлөгөөнөөр оруулан төгс арга хэмжээ авч, үрийн хоолойг нь боож өгсөн. Ер нь ийм хүмүүсийг амбулаторийн хяналтанд байлгаж, эрхтэн арга хэмжээ авах ёстой. Эмнэлгээс гарсан энгийн болон тусгай хаягдлыг “Эгмент” компаниас нэгдсэн журмаар ирж авдаг. Ураг, эхэсийг тэгж хамаагүй хаяна гэж байхгүй. Ялгаж, ангилаад түр хадгалах байранд байлгаад л тушаадаг юм.
-Эмч нарын гарын “хүндрүүлэхгүй” бол тусламж авах хэцүү гэх яриа бий. Эхчүүд болон ар гэрийнхэн нь энэ тал дээр нэлээд асуудал үүсгэнэ биз?
-Тэгж их өгч, авалцаад байгаа юм огт харагддаггүй шүү дээ. Манайхан угийн тийм хардамтгай улс. “Юм өгөхгүй бол төрж чадахгүй” гэж яриад л... Үнэндээ манайх хотын захын хороололд байдаг учраас ихэвчлэн амьдралын түвшин доогуур хүмүүс л ирдэг. Тэд юм өгдөггүй юм уу, эсвэл эмч нар нь авдаггүй юм уу, бүү мэд. Бэлэг сэлт, мөнгө төгрөг солилцоод байгаа юм байхгүй. Харин эхчүүдийн ар гэрээс элдэв хүсэлт тавьж, эмч нарын ажилд төвөг удах үе бишгүй гардаг. Элдэв өнгийн утас өгч, элс шороо, рашаан ус цацаад л эмнэлгийн өрөөнд лам авчирч, сан тавиулах гэж зүтгэдэг хүмүүс ч нэлээд таардаг юм шүү. Төлөвлөгөөт хагалаанд орох эх өдрөө сонгох боломжтой. Түүнээс биш яаралтай төрөх үед юун элдэв зүйл асуух манатай. Цаг хугацаатай уралдаж, эх үрийн амь насыг хамгаална шүү дээ. Энд нэг биш хоёр хүний амь насны тухай асуудал яригдаж байгаа учраас тэр. Цаана нь бүхэл бүтэн амьдрал бий.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ