“Шар нунтгийг Ж.Батзандан эсэргүүцсэн гэж протоколд оруул”
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Урт нэртэй хуультай хэр уялдаж байгааг тодруулж байсан юм. Мөн гишүүд Оюутолгойн гэрээний асуудлаар ч сонирхож байлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойгоос 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Анхны хөрөнгө оруулалт дууссантай холбоотойгоор хэлэлцээр явагдаж байна. Дараагийн хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ байх. Уул уурхайн салбартай холбоотой нийгэмд бий болсон асуудлыг зөвөөр төлөвшүүлэх хэрэгтэй” гэж байсан юм. Ингээд гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.
₮
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-2009 оноос хойш Монгол Улс ураны шар нунтаг, цөмийн энергийн бодлогоо төсөлд бага багаар түлхээд байгаа. Ураны шар нунтгийг бэлтгэнэ гэдэг нь цөмийн түлш бэлтгэнэ гэсэн үг. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй гэж манай томчууд хэлдэг. Хэлж байгаа, хийж байгаа чинь өөр өөр байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Энэ төслийн 3.4.3-ийг гишүүн Ж.Батзандан эрс эсэргүүцэж байгаа гэж протоколд оруулах хэрэгтэй. Уул уурхайн компани хайгуулж хийж байгаад олон төрлийн баялаг олдог. Олсон баялгаа төрөөс нуудаг. Хайгуулын лиценз авахдаа орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах ёстой.
₮
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Хуулийн төслийн 3.4.3 дээр Эрдэс баялгийн үйлдвэрлэл явуулж болно гэдэг дээр ураны шар нунтаг гэж орж ирсэн байсныг хассан.
₮
УИХ-ын гишүүн Ц.Цолмон:
-Нөөцийг хэрхэн тогтоохоор болж байна вэ? Улсын төсвөөр хайгуул хийсэн нөөцийг багтаах уу?
:
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:
-Нөөцийн асуудал үнэхээр маргаантай байгаа. Хойч үедээ үлдээх нөөцийг баялгийн сангаар дамжуулах юм. Хятадууд хил орчимд ойрхон ирж эрдэс баялгийг олборлоод байна гэж яриад байгаа. Бид орд нөөцлөхөөс илүү баялгийн сандаа үлдээх хэрэгтэй болов уу гэж бодож байна.
:
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж байгаа. Төр баялгийн сангаасаа хөрөнгө гаргаад хайгуулж хийвэл илэрц гаргаад авах боломжтой. Тухайн орны компаниуд, төр нь хамтарч ажилладаг хувилбарыг дэмжих хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт асууж дуусаад санал хураалт явуулахаар боллоо. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төсөлд нийт 66 санал багтсан байна. Гишүүд санал тус бүрийг хэлэлцэн, саналаа өгч байна.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ