Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

img

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 53.2-т “Хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, Засгийн газрын зээл авах, зээл олгох, дамжуулан зээлдүүлэх, өрийн баталгаа гаргах, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөл, хязгаарлалт, болзошгүй өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах ажлыг төлөвлөсний дагуу Сангийн яамнаас холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулан энэ сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Өрийн удирдлагын тухай хууль нь санхүү, төсвийн шинэчлэлийн хүрээнд УИХ-аас нэн яаралтай батлан хэрэгжүүлэх хуулийн нэгд зүй ёсоор тооцогдож буй бөгөөд уг хуулийг гаргах хэд хэдэн шаардлагууд байгаа аж.

6

Тухайлбал, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд түнш орон, олон улсын хөгжлийн байгууллагаас урт хугацаатай, бага хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг авч ашигласаар ирсэн бол сүүлийн 2 жилд олон улсын түвшинд манай улсын зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон. Гэвч өнөөдөр өрийн удирдлагын талаар хууль, эрх зүйн орчин зөвхөн буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа тул Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, санхүү, төсвийн эрсдэлээс хамгаалах зорилгоор бие даасан хууль гаргах нэн шаардлагатай болоод байна.

6

Монгол Улсын ирээдүйн хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг татан төвлөрүүлэхдээ бодит боломжийг үндэслэлтэй тооцохын зэрэгцээ Улсын Их Хурал, Засгийн газрын дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах нь зүйтэй. Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээт санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг тогтолцоог бий болгох нь чухал ач холбогдолтой.

6

Дээрх шаардлагуудад үндэслэн Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, Засгийн газрын зээл авах, үнэт цаас гаргахтай холбоотой хууль эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох, олон улсын байгууллага, мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажилласан байна.

7

Өрийн удирдлагын хуулийн төсөл нь дараах үндсэн гол зохицуулалтууд шинээр орсон аж. Үүнд:

• Өрийн хязгаар, түүний тооцооллыг шинээр тогтоосон бөгөөд улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн удирдлагад хамаарах нэр томьёоны тодорхойлолтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилэн тодорхойлсон, • Өрийн хязгаарт нийцүүлэн зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох эрх зүйн үндсийг тогтоож, Засгийн газрын өрийн удирдлагын нэгдсэн удирдлагын тогтолцоо, түүний эрх зүйн зохицуулалтын оновчтой хувилбарыг хуульчилсан, • Дунд хугацааны өрийн удирдлагын стратеги, түүнийг хэрэгжүүлэх баримт бичгийн эрх зүйн үндсийг УИХ-аар тогтоохоор тусгасан, • Засгийн газар, орон нутгийн гадаад, дотоод зээл, үнэт цаасны талаарх зохицуулалт, тавигдах шаардлагуудыг тодорхойлон тогтоосон, • Засгийн газрын гадаад зээл, үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагыг тухайн зээлийн хөнгөлөлтийн түвшингээс нь хамааруулан тогтоож, гадаад зээлийн төрлөөр нь ашиглах салбарыг тухайлан тогтоосон. • Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх, түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, зээлийн төлбөрийг эргэн төлөхтэй холбоотой үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. • Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлага, холбогдох журам, Засгийн газрын өрийн баталгааны сан байгуулах, түүний эх үүсвэр, өр төлбөрийг сангаас төлж барагдуулах зэрэг шинэлэг зохицуулалтыг оруулсан. • Өрийн удирдлагын ил тод байдлыг хангах, олон нийтэд мэдээлэх болон өрийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих талаар хуульчилсан хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ