Д.Уранчимэг: Япон шавь маань дэлхийд алдартай уран бүтээл туурвисан

img

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Хаан тэнгэрийн хатан бийр” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ. 82 уран бүтээлч уран бүтээлээ дэлгэсний хамгийн ахмад нь Монголын урчуудын эвлэлийн ахмад уран бүтээлч, зээгт наамалч Д.Уранчимэг гуай байсан юм. Тэрбээр энэ үеэр “Монголын саран ээж” нийгэмлэгийн хүндэт одонгоор шагнуулсан. Түүнтэй ярилцснаа хүргэж байна.

й

-Та зураг, урлалтай амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ. Энэхүү үзэсгэлэнд таны бүтээсэн зээгт наамлууд дэлгэгдсэн байна?

-Эгч нь зураг урлалтай амьдралаа холбоод 50 жил бүтээлээ хийж явна. Манайх их сайхан урлагийн гэр бүл дээ. Гэр бүлийн хүн маань алдартай, монгол зургийн зураач Ц.Даваахүү гэдэг хүн байсан. Таван хүүхэд маань бүгд мэргэжлийн уран бүтээлч болсон. Одоо ач зээ нар өвлөн суралцаад явж байна. Тиймээс энэ урлагтаа маш их хайртай.

й

-Зээгт наамалыг хэдий үеэс эхэлж хийсэн бэ. Би таныг монгол зургийн анги төгссөн гэж сонссон?

-Би анх 1959 онд Пионерийн ордны дугуйланд явсан юм. Эхлээд зургийн дугуйланд орох гээд очсон чинь хүүхэд бүртгэхгүй гээд хүүхэлдэйн дугуйланд орсон. Тэгэхэд хажууд нь байх УГЗ н.Норолхоо гуайн хичээллүүлдэг хатгамалын дугуйланд бас бүртгүүлээд хоёр дугуйланд зэрэг гүйдэг их саваагүй хүүхэд байлаа. Ер нь зураг, урлалтай амьдралаа холбох, зураач болоход цаанаасаа миний аз түшсэн дээ. Дараа нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангид орж алдартай багш нараар хичээл заалган, долоон жил болоод төгссөн. Тэр үеийн багш нар их өгөөжтэй сайхан зүйл зааж дээ, одоог хүртэл түүгээр нь амьдраад, хийж бүтээгээд явж байна. Чи хэлснээр би чинь монгол зургийн анги төгссөн юм ш дээ. Гэхдээ голдуу зээгт наамалаар уран бүтээлээ хийдэг. Зээгт наамал бол эрт үеэс уламжилж ирсэн, тансаг, хүндэтгэлтэй, чамин урлал. Дээр үед бол шашны сэдвээр голдуу хийдэг байсан. Одоо аж байдлын, орчин үеийн, цагийн үеийн сэдэвтэй гээд олон төрлөөр дэлгэрч байна.

й

-Таны хэлсэнчлэн ихэнх тохиолдолд шашны сэдэвтэй уран бүтээлийг зээгт наамлаар хийсэн байдаг. Орчин үеийн сэдэвтэй гэхээр ямар бүтээлүүд байх вэ?

-Миний хийсэн аж байдлын сэдэвтэй “Таван эрдэнэ” гэсэн зээгт наамал хийсэн. Ер нь янз бүрийн билэгдлийн чанартай бүтээлүүд байна. “Манай өнөөгийн жавхаа” гэдэг нэртэй эх орон. Монгол улсаа магтан дуулсан том хэмжээний бүтээл хийсэн маань Уран зургийн галлерейд хадгалагдаж байгаа.

й

-Зээгт наамалыг урлах арга техник их нарийн байх. Нэг наамлыг хэдий хугацаанд хийдэг вэ?

-Зээгт наамал хийхдээ эхлээд эх зураг эскизээ гаргаж авна. Эх зураг сайн байх  тусам уран бүтээл сайхан болно. Дараа нь ажлын зургаа гаргаж, үүнийхээ дагуу материалаа бэлдэнэ. Их чанартай торгосог, зөөлөн, тансаг сайхан материалаар хийдэг. Дээр үед зээгт наамлыг тансаг материалаар хийхээс гадна есөнэрдэнээр чимэглэж байсан уламжлал байдаг юм билээ. Хийхэд их удаан хугацаа хэрэгтэй. Дан гар оёогоор урлана.  Зээгний утсаа бэлдэхээс гадна материалаа нааж зээглэхээс өгсүүлээд их ажиллагаатай.  Дааруулах, зээглэх, тогтоох гэсэн гурван оёдлоор оёдог. Тийм болохоор маш бөх бат бүтээл болдог. Би “Говийн лха” зээгт наамлаа дөрвөн жил урлаж байсан, дүрслэл нь ч их нарийн бүтээл байсан даа. Хамгийн гол нь хийх буй бүтээлийнхээ өнгөнд материалынхаа өнгийг зөв олж хийх нь чухал. Ер нь байнга л уран бүтээлээ бодож, санаж явдаг тэгж байж л гайгүй бүтээл гаргана шүү дээ.

й

-Гарын шавь бэлдэж байна уу?

-Хүүхэд, залуус урланд ирээд заалгаж байна. Олон шавь нартай болж, тэд маань  сайхан бүтээл хийж байна. Тухайлбал, олон жилийн өмнө Норико гээд Япон охин Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайгаар дамжуулан намайг олж ирээд зээгт наамал хийхийг заалгаж, шавь орж  байсан. Тэр охин маань миний эзэмшсэн мэргэжлээр Японд очоод ажил олдохгүй тэгэхээр таны зааж өгсөн энэ бүтээлээр л би хоолоо олж иднэ гэж хэлдэг байсан. Үнэхээр ч түүгээрээ дагнаж юм хийсэн байна лээ. “Бурхан багшийн 12 зонхов” гэдэг зээгт наамал хйигээд тэр бүтээл нь дэлхийн орнуудаар аялж үзэсгэлэнд дэлгэгдэж байна гэсэн.  Гадаадад үзэсгэлэн аваад явахаар Монголын зээгт наамалыг гайхаж, ийм бүтээл анх удаагаа үзэж байна гээд сонирхож байдаг юм. Тиймээс өвөг дээдсээс уламжилж ирсэн монголын уламжлалт уран бүтээлээ дээдлэх хэрэгтэй. Зээгт наамалын арга ямар гайхалтай юм бэ гэдгийг бодож бахархаж явдаг юм.

й

Зүүгээ сүвлэхдээ харааны шил зүүдэггүй

ы

-Таны урласан хамгийн том бүтээл ямар наамал байна?

-“Тулгар төр” гэсэн зээгт наамал бий. Хамгийн их хүч хөдөлмөр орсон бүтээл. Чингисийн есөн өрлөгийг урлаж, сэдэв агуулгын хувьд нэлээн их зүйл багтаасан  бүтээл болсон. Мөн “Таван эрдэнэ” гээд мал аж ахуй аж байдлын сэдэвтэй наамал бий. Ер нь монголын уламжлалт урлаг болохоороо зээгт наамлаар мал, монгол ахуйг хийхэд их тохиромжтой байдаг.

й

-Зээгт наамалыг өвлүүлж үлдээхээр олон шавь бэлдэж байгаа гэлээ. Хийх арга техникийн хувьд нарийн ажиллагаа ур шаардсан бүтээл. Хүмүүс хийж сурья гэвэл хэр их, цаг хугацаа, хөдөлмөр шаардах вэ?

-Хувь хүний сонирхлоос л шалтгаална. Ямар ч насны хүн сурч, хийж болно. Учрыг нь ойлгосон хүнд бол үнэхээр амархан. Зээгт наамал хийж сурч байгаа шавийн шавь нар маань хүртэл байна. Ер нь залуу үеийнхэн маань монголын уламжлалт урлалуудаа сурах хэрэгтэй л дээ. Жишээлбэл, зүү ороох оёдол байна. Зүү орооно гэхээр хүмүүс зөвхөн хөөрөгний даалин боддог. Гэтэл үгүй юм, зүү ороох урлалыг дээл, малгай, бүс гээд бүх зүйл дээр хийж болно.

й

-Та монгол зургийнхаа чиглэлээр ямар уран бүтээл туурвисан бэ?

-Хөдөө төрж, хурдан морь унаж өссөн хүүхэд. Тиймээс хөдөөгийн амьдрал аж байдлын сэдэвтэй бүтээл хийх их дуртай. Би “Адуучин” гэдэг монгол зураг зурж анх үзэсгэлэнд орж байсан. Монгол зургаар мал, монгол ахуй байгаль зэргийг зурахад их тохиромжтой байдаг. Үүлийг тэгж зурна, байгалийг ингэж зурна гээд дүрслэл, өнгө нь хүртэл өөр их тансаг байдаг. Үүнийг ардын зураач А.Сэнгэцохио багш маань зааж сургасан.

й

-Зүүгээ сүвлэхдээ харааны шил зүүж байна уу?

-Хүмүүс чиний наад асуултыг чинь асуудаг юм /инээв/. Хүнд чинь дадна, дадлагажина гэж байдаг юм байна. Би зүүгээ сүвлэхдээ нүдний шил зүүдэггүй. Тэгэхээр олон жилийн нэг юм байх шиг байгаа юм. Харин юмаа хийхгүй байвал нүд чилээд байх шиг санагддаг. Тэгээд ч хүн сурсан, сонирхсон, дуртай юмаа хийж бүтээж байхад ядардаггүй юм байна лээ.

й

-Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ихэнх баярыг үр хүүхдүүдтэйгээ сайхан өнгөрүүлдэг дээ. Уран бүтээлч хүн зав чөлөөгүй баярлаж байсан ч уран бүтээлээ ярьж, түүнийхээ төлөө байдаг онцлогтой шүү дээ. Үүний адил баярлаж байсан ч уран бүтээлийн яриа, сэдэв өрнөж байдаг.

ы

-Ярилцсанд баярлалаа.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д. тэрбиш:
хайрт багшдаа эрүүл энх урт удаан нас хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе
2014-04-15
зочин:
танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.маш гайхамшигтай , бахархалтай сайхан байна.өөрийг гараар хийсэн зүйл үеийн үед мөнхрөн үлддэг шүү дээ.уран бүтээл хийдэг хүмүүсийн сэтгэл мөнхийн цэвэр ариун байдаг.
2014-03-08
irgen:
uran gart,burhan uhaant egchdee martiin bayriin mendiig hyrgej hamgiin sain buhniig,az jargaliin hamtaar hysen eruue.
2014-03-08