Д.Эрдэнэбат: Засгийн газрын бүтцийн тухай ярих нь зүйтэй
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн намрын чуулганаар ямар, ямар асуудлууд хэлэлцэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
.
-Намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын эхэнд төмөр замын царигийн асуудал орсон байсан. Энэ асуудлыг өмнө нь хаалттай хэлэлцэж байсан. Энэ удаад бас хаалттай хэлэлцэх үү. Ардчилсан намын бүлгийн байр суурь хэвээрээ юу?
-Ардчилсан намын бүлэг төмөр замын бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-д орчихсон хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Ер нь төмөр замын бодлогоо Монгол Улс маш хурдан шийдэх ёстой. Тиймээс хамгийн эхэнд төмөр замын бодлого орж ирж байгааг би зөв гэж үзэж байна. Энэ бол нэг сайдаас илүү чухал асуудал. Төмөр замын бодлогыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн, хаалттай хуралдаанаараа шийдээд цаашаа явна.
.
-Ерөнхий сайд УИХ-аар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Бүтцийн өөрчлөлтийн талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгийг Ерөнхий сайд олон нийтэд мэдээлчихсэн байгаа. Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас энэ өөрчлөлтийг оруулж ирнэ. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өргөн барьсаны дараа бид намынхаа бүлгээр энэ асуудлыг авч хэлэлцэнэ.
_
-Засгийн газрын бүтцийн дүр зураг эхнээсээ зурагдаад эхэлчихсэн байгаа. Энэ бүтцийг ер нь хэрхэн тодорхойлж байна вэ?
-Ерөнхий сайд УИХ-д өргөн бариагүй байхад бидэнд тодорхой мэдээлэл алга байна. Мэдээж Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг учраас бид ямар байх вэ гэдэг асуулгыг өгөөгүй. Ер нь бол ойрын хугацаанд энэ долоо хоногоос юм уу, дараагийн долоо хоногоос УИХ-д бүтцийн асуудал зайлшгүй орж ирэх шаардлагатай гэж үзэж байна.
_
-Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт бүтцийн талаар тодорхой чиглэл өгөх үү?
-Улс төр нь тогтвортой, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын шаардлагад нийцсэн бүтцийг л хүлээж авна гэсэн бодолтой байгаа. Хэрвээ үүнд нийцэх юм бол бүлэг дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явна.
_
-Яамдыг буцаад нэгтгэх асуудал яригдаж байгаа. Ингэж нэгтгэх нь хэр оновчтой өөрчлөлт гэж харж байна вэ?
-Ер нь бүтэц өөрчлөнө гэдэг нь орон тоог нэмэх үү, хасах уу гэсэн ойлголт бас биш шүү. Өнөөгийн улс төр, эдийн засгийнхаа суурь өөрчлөлтөд тулгуурласан л бүтэц байх ёстой. Түүнээс биш нэг хүний тухай асуудал биш. Нэг яамыг нэмж, хасах тухай асуудал биш.
_
-Нэг хүний тухай асуудал биш гэснээс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ асуудал дээр АН-ын бүлэг байр сууриндаа хэвээрээ байгаа юу?
-Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг МАН тавьсан байгаа. Энэ бол төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Бүтцийн тухай асуудал ороод ирэх юм бол бид энэ Засгийн газрын нэг гишүүний тухай биш бүтцийн тухай ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
_
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүн сайн гарахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцно гэдгээ танай бүлэг мэдэгдэж байсан. Монгол ардын намынхан ч бас танай бүлгийг хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн байр суурьтай байна?
-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар улс төрийн намууд янз бүрийн байр суурьтай байгаа. Өнөөдөр бид бүлгийнхээ хурлаар Ерөнхий сайдаас энэ асуудлаар сонсоно. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн дараа амьдрал сайжирна гэсэн үгийг хэн ч хэлээгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ганцхан “ЭЗЭН-100”-ийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарах хандлага нь бий болсон уу, энэ хугацаанд ямар, ямар үр бүтээлтэй ажил хийсэн бэ гэдэг нь бидэнд чухал. Үүнийг сонсоод дүгнэлтээ гаргана.
_
-Энэ намрын чуулган улс төр, нийгмийн талаасаа хэрхэн үр өгөөжтэй байх бол?
-Энэ намрын чуулган УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шат гэж ойлгож байгаа. Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж дуусгах хугацааны чуулган болно гэж ойлгож байна. Бидний төсөөлж байгаагаар энэ удаагийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр орны хөршүүдтэй хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу төмөр замын асуудал байгаа. Эдийн засгийн чухал, чухал суурь хуулиуд үлдэж байгаа. Ялангуяа бизнесийн орчныг бүрэн чөлөөлөх, төрийг бизнесийн орчинд хутгалдахаас татгалзах эрхзүйн орчныг бүрэн дуусгах зэрэг асуудлууд шил, шилээ дараад хүлээж байна. Улс төрийнхөө хүрээнд ч гэсэн улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг нэг тийш нь болгох чухал чуулган болно гэж харж байна.
_
-2015 оны төсвийн тухайд?
-Одоо ингээд төсөв орж ирж байна. 2015 оны төсөв хэдий хүнд байгаа ч гэсэн бид төсөв дээр хамгийн бага зардалтай, гэхдээ цалин мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдсэн, замбараагүй хөрөнгө оруулалтын асуудлыг нэг тийш нь болгосон ийм төсөв байгаасай гэж хүсч байна. Ер нь төсвийн эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулах ёстой. 2015 оноос эхлээд орон нутагт эрх мэдлийг нь арай илүү түлхүү өгье гэсэн байр суурьтай байна.
_
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ