Эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлжээ
2015-05-12

 


Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэллээ.

 

2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхдийг хамруулан, зургаан настнуудыг бүртгэж байгаа юм.

 

Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдөр буюу энэ долоо хоногийн баасан гариг хүртэл үргэлжлэх юм. 

Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасангаас тодрууллаа. 

 


-Хүүхдээ бүртгүүлэхээр ирж буй эцэг, эх ямар мате­риал бүрдүүлж ирэх шаард­лагатай вэ?

-Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заа­вал өөрийн биеэр /хүүх­дийн хамт/ очих бөгөөд дараах бичиг баримтыг бүр­дүүл­сэн байх шаардлагатай. Үүнд хүүхдийнхээ төрсний гэр­чил­гээний эх хувь болон хуул­бар, эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэм­лэхийн  эх хувь  болон хуулбар, хүүхдийн 3х4 хэмжээтэй хоёр хувь цээж зураг авч ирэх шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг /ТҮЦ машины лавлагаа/ үзнэ.

 


-Хүүхдээ бүртгүүлэхэд байр­ны оршин суух гэрээ болон иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг яагаад үзэж байгаа юм бол?

-Эцэг, эхчүүд бичиг баримтаа үзүүлэхгүй гээд жаахан дур­гүйцэх тохиолдол байдаг. Гэх­дээ эдгээр бичиг баримтыг шаар­дах болсон шалтгаан нь хуу­рамч бичиг баримтын асууд­лаас үүдэлтэй. Учир нь сүү­лийн үед эцэг, эхчүүд хуурам­чаар бичиг баримт бүр­дүүлэх асуудал их гарч байгаа. 

 

Тухайлбал, саяхан нэгэн сургуулийн захирлынх нь хаяг дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж ирсэн тохиолдол гарсан. Улмаар нарийн бичгийг хуурамчаар үйлдсэн, хороон даргад мөнгө өгч, тодорхойлт авдаг зэрэг асуудал үүсч байгаа. 

 


-Саяхан шилжилт хөдөл­гөөн хийлгэсэн бол хүүх­дийг нь бүртгэхгүй байна гэ­сэн мэдээлэл ирээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?



-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шилжилт хөдөл­гөөн хийсэн хүмүүсийн асууд­лыг түр ийдвэрлэхгүй хүлээл­гэж байгаа. Учир нь иргэд яг сургуулийн хүүхэд бүрт­гэх боллоо гэхээр маш их хэмжээгээр шилжилт хөдөл­гөөн хийж эхэлдэг. Энэ нь бидний ажилд маш их хүнд­рэл учруулдаг.

 

Тэгээд ч энэ байд­лаас л хуурамч бичиг баримт, хуурамч зүйлүүд гарч ирээд байгаа юм. Ялангуяа 18, 23, 84, 33 гэх зэрэг төрөлжсөн сургалттай сургуулиудад хүүх­дээ оруулахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирж байна.



-Бүртгэлээс ямар нэгэн байдлаар хоцорсон бол яах вэ. Дахин бүртгэл явагдана биз дээ?

-Дахин бүртгэл явагдана. Хавар бүртгэл явуулдаг гол шалтгаан нь ирэх хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангахын тулд бүртгэл явуулдаг. Учир нь тухайн сургуульд хэчнээн хүүхэд орохоос шалтгаалан сурах бичиг, ширээ, сандал, дүрэмт хувцас анги танхим, багш гээд бэлтгэх зүйл асар их байдаг. 



Тиймээс ерөнхий багцаа авахын тулд бүртгэлийг хавар зохион байгуулдаг юм. Дахин бүртгэлийг ирэх намар буюу наймдугаар сарын 25-наас бүртгэл явагдана. Тус бүртгэлээр үлдсэн хүмүүс нь бүртгэгддэг. Ер нь өмнөх жилүүдийн бүртгэлээс харж байхад хавар бүртгэлийн ирц 70-80 хувь байдаг. Намар нь үлдсэн 20 хувь буюу хөдөө орон нутгаас шилжин ирсэн, гадаадаас хүүхэд нь сургуульд орох болоод эх орноо зорин ирсэн зэрэг хүмүүс, саяхан шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ бүртгүүлдэг.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин