УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж, гишүүд асуулт асууж дууслаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдаас “Таныг хэн томилсон юм бэ? Засгийн газар уу, УИХ уу, MCS үү” асуув. Мөн тэрбээр “Засгийн газар УИХ-ыг үл тоомсорлосон байдал хэрээс хэтэрлээ. Өргөдлийн байнгын хорооны хуралд Боловсролын яамныхан оролцох ёстой байсан ч танай Засгийн газраас хэн ч ирээгүй” хэмээн гомдоллов. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би Монгол Улсын хуулиар томилогдсон Ерөнхий сайд. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Засгийн газар их хурлыг үл тоомсорлосон зүйл байхгүй. Үндсэн хуулийн байгууллагуудыг битгий ингэж турхир. Таны албан бичиг өнөөдөр надад ирсэн. Тэр албан бичгийн дагуу боловсролын яамны холбогдох хүмүүст хариуцлага тооцно” хэмээн хариулав.
Мөн О.Баасанхүү гишүүн “Сангийн бодлогоо Эрдэнэбат гэх МАН-ын хүнд өгснөөс ард түмэн үнэн бодит мэдээлэл авч чадахгүй байна. Тавантолгойн асуудал дээр ч УИХ-ын эрхэнд эрээ цээргүй хандаж байна” хэмээн омогдож суув. Харин Ерөнхий сайд “Сангийн яамны бодлого гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын бодлого гэж бий. Манай Засгийн газар, АН МАН, Шударга ёс эвслийн сайд ч бий. Аль нэг намын бодлогоор яваагүй. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу ажиллаж байна” гэв.
Ийн УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 17-ны ням гаригийн 12 цагт болох бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлнэ.
Уншиж байна |