Үйлийн үр чамайг хаашаа ч явуулахгүй...

img

 

Тонуулчин Өлзий эртний алтан хутганы хойноос явсаар Тайгад ирж булшийг олж ухсан боловч алтан хутга байсангүй. Харин алтан хутга Хөвчис хэмээх Тайгад ганцаар амьдрагч өвгөнд байсныг Өлзий мэдэж тэр хоёрын нууцлаг тэмцэл өрнөнө. Түүнд нутгийн нэгэн Удган далдаас тусалсан боловч энэ тусламж хэм хэмжээтэй байлаа. Өлзий энэ хэм хэмжээг ойлгох болов уу? Түүнд оногдсон гэсгээл юу вэ? Өлзий харанхуй Тайгад үүрд үлдсэн үү? Эсвэл..."

 

Шунаг сэтгэлдээ автан үйлийн үрээ үүрч яваа булш ухагчдын түүхийг өгүүлэх “Тайга” Монголын уран сайхны кино өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Тус бүтээл нь нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар сонирхолтойгоор өгүүлэх аж.

 

Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, МУСТА Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид, МУСТА Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тоглосон бол зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам нар бичжээ.

 

 

Д.Ууганбаяр: Бөө, сахиус, онгод тэнгэртэй хүн  хэтэрхий олон болчихож

 

 

Кино нээлтийн үеэр тус киноны ерөнхий найруулагч, зохиолч Д.Ууганбаяртай ярилцлаа.

 

-Бараг л өдөр болгон нэг шинэ кино нээлтээ хийдэг болж. Эдгээрээс танай продакшны шинэ уран бүтээл юугаараа ялгаатай юм бэ?

-“Тайга” уран сайхны кино нь сүүлийн үед ихэд дэлгэрэх болсон инээдэм, хайр дурлалын сэдэвтэй кинонуудаас ангид ялгаатай бүтээл юм. Цэвэр сэтгэхүйн драм буюу психологи жанрын уран бүтээл гэж хэлж болно. Үүгээрээ бусад уран бүтээлээс арай өөр зүйлийг үзэгчдэд өгөх байх. Түүнчлэн манай уран бүтээл олон улсын стандартад нийцсэн төдийгүй дуу дүрсний өндөр чанартай бүтээл гэж хэлмээр байна.

 

 

-Яагаад заавал энэ төрлийг барьж авч кино бүтээсэн юм бэ?

 

-Мэдээж энэ төрлийг дуртай хүн болгон бариад байдаггүй. Ялангуяа кино урлаг нь арилжааны хэлбэрээр хөгжсөн манай улсад тийм ч зохистой биш л дээ. Гэхдээ манайхан нэг ташаа ойлголттой яваад байдаг. Монголчууд сэтгэхүйн драмм гээд ярихаар ойлгомжгүй, энгийн үзэгчдэд зориулагдаагүй, утга учиргүй зүйл мэт хүлээж авдаг. Тэгж ч ойлгодог. Яг нарийн судлаад үзвэл кино урлагт энэ төрөл нь дэд жанр гэгддэг. Сэтгэхүйн драм жанраар ихэвчлэн аймшгийн эсвэл драмын төрлийн уран бүтээл хийгдсэн байдаг юм билээ. Тиймээс манай продакшныхан инээдмийн төрлөөс ч юм уу арай ангид уран бүтээл хийхийг хүссэн хэрэг.

 

 

-Киногоороо дамжуулж үзэгчдэд чухам юу хүргэхийг зорьсон бэ?

 

-“Тайга” кинонд байгаль эх дэлхийдээ хайр гамтай хандаач ээ, хэн нэгэн хүссэн хүн газар шороо, уул усаа ухаж төнхөөд байж болохгүй гэдэг санааг гаргахыг хичээсэн. Хэрвээ энэ сайхан онгон зэрлэг байгаль, уул, ус, ой модоо сүйтгээд байвал хэзээ нэгэн цагт үйлийн үр гээчийг амсдаг юм шүү гэдгийг харуулсан. Гол нь энэ амьд яваа насандаа үйлийн үрээ үүрдэг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн киногоороо дамжуулж ард түмэнд хүргэх гэсэн бас нэг мессеж бол бөө нарын тухай.

 

 

-Бөөгийн шашинг дэмжсэн юм уу?

 

-Үгүй. Нийгэмд анхааруулга хүргэсэн гэх үү дээ. Сүүлийн үед өөрийгөө бөө, сахиус, онгод тэнгэртэй гээд түүндээ хэт итгэчихсэн хүн манай өнөөгийн нийгэмд хэтэрхий олон болчихож. Манай кинонд мөн л сүрхий онгод сахиустай, тэнгэртэй холбогддог гээд бодчихсон, тэр итгэл үнэмшлээрээ өөрийгөө тайгын эзэн мэт авирлаж буй дүр гардаг. Үр дагавар нь эцэстээ бусдын хувь заяа, амь насанд хүрээд дуусч байгаа тухай өгүүлдэг. Тиймээс олон мянган хүн энэ талаар бас нэгийг бодох болов уу.

 

-Нууц биш бол киноны үйл явдлын тухайд тодруулахгүй юу?

 

-“Тайга” кинонд хүмүүсийн хүсэн хүлээсэн гоё эмэгтэй хүн ч юм уу, нийтлэг зүйл гарахгүй. Маш үнэд хүрэх эртний булшийг хаана байгааг нь мэдчихээд ухаж төнхөхөөр явж байгаа, түүнчлэн хөвч тайга, уул ус савдаг сахиустай, бидний дээр тэнгэр гэж хүчин зүйл байгаа тухай киноны үйл явдалд гардаг. Ингэснээр дүрүүдийн хооронд сэтгэлзүйн зөрчилдөөн үүсч байгаа юм. Зөрчилдөөн үүсэхээр хүн яаж өөрчлөгддөг, би чухам хэн бэ, юунаас болж зан авир зөрчилдөөн үүсгэж байна, зөрчилдөөн үүсэхээрээ хүн яг ямар авир төрх гаргадаг гээд маш олон зүйлийг та бүхэн киноноос харж болно.

 

-Сэдвийн тухайд асуумаар байна. Тайга, хөвчийн ахуй амьдралыг харуулсан гэсэн. Хаана зураг авалтаа хийсэн бэ?

 

-Бид 2013 онд киноныхоо сэдвийг сонгоод зохиолоо бараг биччихсэн байсан. Хөвч тайга зөвхөн Хөвсгөлд байдаггүй шүү дээ. Манай орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Батширээт зэрэг суманд үнэхээр сайхан байгалийн үзэсгэлэнт газар байж л байна. Бид кино зураг авалтыг ч гэсэн Хөвсгөлд хийгээгүй. Эртний эдлэл, булш бунхан ухаж гадагш дамладаг нинжа нар өнөөдөр ч энэ нийгэмд үй түмээрээ байна. Тэгсэн хэрнээ хүмүүс “энэ нөгөө булш ухдаг эсвэл эртний эдлэл хил давуулдаг нөхөр байна” гээд хараад хэлж чаддаггүй шүү дээ. Хүмүүсийн нүдэнд харагдахгүй хэрнээ нийгэмд хурцадчихсан асуудлыг л бид гол сэдвээ болгон барьж авсан.

 

-Киноны дүрийн тухайд танилцуулаач. Цөөхөн дүртэй гэсэн?

 

-Дөрвөнхөн дүрээр тэмцэлийг илэрхийлсэн. Дүр сонголтыг МУСТА Л.Таванбаяр найруулагч хийсэн. Жүжигчин А.Цэгмид /СТА/, Н.Төмөрбат /СТА/, Н.Ялалт /СТА/, Л.Баярсайхан /СТА/, Б.Дамдинсүрэн, Р.Баттогтох нар тоглосон. Мөн ерөнхий зураглаач, продюссероор О.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, дууны найруулагчаар С.Нэргүй /СТА/, кастинг найруулагчаар Л.Таванбаяр /СТА/ , нүүр хувиргагчаар Ц.Дэлгэр нар ажилласан.

 

-Танай продакшн өмнө нь уран бүтээл хийж байсан уу?

 

-Өмнө нь бид тус тусдаа ганц нэг кинонд ажиллаж байсан туршлагатай. Энэ бол манай уран бүтээлчдийн анхны хамтын бүтээл. Мэдээж кино уран бүтээл хийдэг ах нараасаа зөвлөгөө авч авах гээхийн ухаанаар хандсан. Найруулагч Бадамрагчаа ах зохиол дээр зөвлөгөө өгсөн. Ганзориг, Түмэнбаяр ах мөн зөвлөгөө өгсөн. Та бүхэндээ баярлалаа гэж нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс хэлмээр байна.

 

-Харин  таны хувьд  хэддэх бүтээл вэ?

 

-Анхны кино.

 

-“Тайга” кино олон улсын зах зээлд гарна гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Бид киногоо олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, БНХАУ-ын Хөх хот, Манжуур хот, ӨМӨЗО-ы Шилийн гол, ОХУ-ын Улан-Үдэ хотуудад гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ