Цахим мэдээллээ баталгаажуулах системийг танилцуулав
2018-10-01

Технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн "ICT EXPO-2018" өчигдөр /2018.09.30/ нээгдсэн. Өнөөдөр  ““Digital finance” буюу цахим санхүү” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

 

Энэхүү үйл ажиллагааг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас "Дижитал хөгжилд хамтдаа" уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулж буй юм. Өнгөрсөн жил "ICT EXPO-2017" үзэсгэлэнгийн үеэр төрийн мэдээлэл солилцооны "Хур" системийг танилцуулж байсан. Өнөөдрийн үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр тус системийн дараагийн хувилбар болох "Дан" танилт, нэвтрэлтийн нэгдсэн системийг танилцууллаа. 

 

Иргэн өөрийн регистрын дугаарыг оруулан Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтэц дээрээс үүсгэгдсэн тоон гарын үсгийг ашиглан өөрийгөө цахим орчимд баталгаажуулах үйлдэл хийгдсэний дараа систем таны нэвтрэлтийг баталгаажуулах аж. Хэрэглэгч энэхүү системийг нэг удаа ашиглаж нэвтэрснээр тус системд холбогдсон бүх төрлийн системд нэвтрэх эрхтэй болох аж. 

 

ICT EXPO-2018 үзэсгэлэн энэ сарын 1,2-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд үргэлжилнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин