Ц.Гарамжав: Би хэзээ ч ЖДҮХС-гаас зээл авч үзээгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гарамжаваас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс гурван гишүүнийг албан тушаалаас нь огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. ХХААХҮ-ийн сайдад Ч.Улаан гишүүний нэрийг дэвшүүлэхээр ярьсан. Ч.Улаан гишүүн олон удаа сайд, төрийн өндөр албан тушаалыг хариуцлагатай хашиж байсан хүн. Тийм учраас эгзэгтэй үед энэ салбарыг тогтворжуулаад, гарсан алдаа, зөрчлийг арилгах тал дээр бодитой зүйл хийж чадах хүн гэж үзсэн.
Нийгмийн шүүмжлэлд өртөөд байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг огцруулах талаар ярьсан. Саналыг Удирдах зөвлөл дэмжсэн. Ёс суртахууны хариуцлага талаасаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хариуцлага хүлээх ёстой гэж үзэн огцруулах санал гаргаад дэмжигдсэн. Мөн УИХ-ын даргыг нийгмийн шаардлага, УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй зүйл гарч байгаа учир УИХ дахь МАН-ын бүлгээр шийдвэрлэгдэнэ.
-Д.Хаянхярваа гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг тавьж, гарын үсэг цуглуулна гэж байсан. Та санал нэгдэж байна уу?
-Зарим гишүүдэд Удирдах зөвлөлийн шийдвэр таалагдахгүй байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд саналаа гаргах эрхтэй. Гарын үсэг цуглуулна гэж дуулсан. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг нийгэм шаардаж байна. Таны хувьд энэ сангаас зээл авсан уу?
-Энэ их харамсалтай хэрэг болжээ. ЖДҮХС төдийгүй бусад сангуудын үйл ажиллагааг шалгах саналыг би анх гишүүн болоод хэлж байлаа. Нэг удаа судалгаа хийж байхад ЖДҮХС-д өгсөн өргөдлийг 100 хувь гэж үзвэл тавхан хувьд нь 5-6 хувьд нь давтаад өгчихсөн байсан. 95 хувьд нь олгоогүй. Тийм учраас би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “ЖДҮХС болон бусад сангуудыг та нар ингэж ашигладаг юм байна. Үүнийг ил тод болго. Татвар төлөгчдийн мөнгөн дээр нэг удаа захиран зарцуулах эрхтэй сонгогдсон шүү. Тулгамдсан асуудлуудад сангийн мөнгийг зарцуулах эрхтэй” гэдгийг хэлж байлаа.
Би өөрөө үйлдвэрлэлийн салбарт 30-38 жил ажилласан. Үйлдвэрлэл явуулах, үүсгэн байгуулах, мөнгө санхүүгүй байхын зовлон бэрхшээлийг сайн мэднэ. Тийм учраас энэ тал дээр үргэлж зөв хөгжлийн төлөөх өөрийн байр сууриа илэрхийлж байдаг юм.
-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө, гишүүн болоод ЖДҮХС болон бусад сангаас зээл авсан уу?
-Би хэзээ ч ЖДҮХС-гаас зээл авч үзсэнгүй. Харин авдаг байж гэж бодож байлаа. Миний үүсгэн байгуулсан үйлдвэрүүд дунд үйлдвэрийн хэмжээнд очсон. Харин Хөгжлийн банкнаас цементийн үйлдвэр барихдаа хуулийн дагуу 24.5 хувьд нь зээл авсан. Энэ төсөл Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн зээл болсон.
-УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах шаардлагатай вэ?
-Огцруулах шаардлагатай, маш зөв шийдвэр гэж бодож байгаа. Тэр байр суурин дээрээ байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ