Хонконгийн тухай хуулиас болж БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээр зогслоо
2019-12-02

 

Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хуулийг АНУ баталсантай холбоотойгоор АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр зогссон талаар Вашингтоны захиргаанаас авсан эх сурвалжтайгаар ВВС мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр "Хонконгийн тухай хуулиас болж хэлэлцээр түр зогссон" бөгөөд "Ши Жинпиний дотоод бодлого тайвшрахад хугацаа хэрэгтэй" гэнэ. Одоогоор өмнө нь Америкийн талын ноогдуулсан гаалийн хураамжийг цуцлах, худалдааны тохиролцоог мөрдөх механизмтай холбоотой болон Бээжин. АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авах  баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй үлдэж байгаа аж. 

 

Түүнчлэн Вашингтоны захиргаа Хятадтай худалдааны хэлэлцээрт хүрэх хүрээнд эхний шат дууссаныг илтгэх хэлэлцээрт гарын үсэг зурах газрыг ч тодорхойлоогүй байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, АНУ, Хятадын худалдааны дайн дэлхий нийтийн анхаарлын төвд орсон төдийгүй санхүүгийн зах зээлүүдэд нөлөөлөөд жил тойрч байна. Худалдааны дайн эхлэх болсон шалтгаан нь Америк Хятадыг оюуны өмч, технологи хулгайлсан гэж буруутгасантай холбоотой. Улмаар  тавдугаар сарын 10-наас эхлэн АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп дахин 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг даалгасан. Энэ нь Хятад улс өмнө нь худалдааны асуудлаар зөвшилцсөн хэлэлцээрээсээ ухарч байгаатай холбоотой гэж АНУ тайлбарласан юм.

 

Дэлхийн хоёр том эдийн засаг худалдааны энэхүү дайнд цэг тавихаар сүүлийн саруудад идэвхи санаачилгатай ажиллаж байгаа ч Хонконгод үүссэн нөхцөл байдал энэ хэлэлцээрт дам байдлаар нөлөөлж байв. Улмаар  Хонконг дахь хүний эрх, ардчиллын тухай хуулийг АНУ эцэслэн баталсан нь "нэг улс  хоёр систем" зарчмыг үл хүндлэн, Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцлоо гэж БНХАУ АНУ-ыг эрс буруушаасан юм. 

 

АНУ Хонконгтой холбоотой хууль баталсныг БНХАУ эрс эсэргүүцэв

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин