У.Хүрэлсүх: Хийн хоолойг Монголоор дамжуулахыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна

ОХУ-ын нийслэл Москва хотноо Орос, Монголын Ерөнхий сайд нарын хэлэлцээр болж өнгөрлөө. Энэ уулзалтаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын нутаг дэвсгэрээр дамжих Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолойн төсөл эхэлсэн талаар мэдэгдсэн талаар ОХУ-ын Regnum холбооны агентлаг мэдээлжээ.
"Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулан барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Энэ төсөл өнөөдөр эхэлж байна гэж би ойлгож байгаа" хэмээн Монголын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Түүнчлэн, Монгол, Орос улс цэрэг техник, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсоныг тэрбээр мэдээлжээ.
"Энэ удаагийн айлчлал өргөн агуулгатай, цогц голдрилоор явж байгааг онцолъё" хэмээн Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдсэн байна.
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев талууд шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар тохиролцсоны дээр, одоо хэрэгжиж байгаа төслүүдийн талаар ярилцсан хэмээн мэдэгдлээ. Тэр дундаа Улаанбаатар төмөр замын сэдвийг хөндсөн байна.
Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын 80 жилийн ойгоор манай улсад албан ёсны айлчлал хийгээд буцсаныхаа дараа Оросын төрийн өмчит "Газпром" компанийн удирдлагатай уулзан, Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолойн шинэ салааг Монголоор дамжуулах боломж судлахыг хүсч байв.
Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоолой ашиглалтад орлоо
Орос, Монгол хамтран хийн хоолойн төслийн ажлын хэсэг байгуулна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ