Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзана

Хятадын Засгийн газар төрийн бүхий л байгууллагуудыг гадны технологиос татгалзах үүрэг өгсөн талаар Financial Times мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 он гэхэд хилийн чанадаас нийлүүлсэн бүхий л төхөөрөмж, программ хангамжийг солих үүргийг төрийн байгууллагуудад өгсөн байна. Хятадын Засгийн газар 3-5-2 гэсэн бодлогын хүрээнд 2020 онд 30%, 2021 онд 50 хувь, 2022 онд 20 хувиар гадаадын технологийг солих юм байна.
Ингэснээр ирэх гурван жилд Хятадын Засгийн газар 20-30 сая нэгж тоног төхөөрөмж болон түүнийг дагалдах үйлдлийн системүүдийг солих аж.
Гагцхүү дотоодын үйлдвэрлэлийн технологи ашиглах энэхүү шилжилт нь 2014 оноос эхэлсэн засгийн газрын гол сегментүүдээс гадаадын технологийг хасах томоохон арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Мөн АНУ, Хятадын хооронд худалдааны дайн өрнөж, харилцаа хурцадсан байгаа үед ийм алхам хийсэн нь гайхаад байх хэрэг биш гэж шинжээчид үзэж байна.
Худалдааны дайны улмаас АНУ Хятадын технологийн гигант Хуавэй компанийн эсрэг хориг тавьж, Америкийн төрийн агентлагууд болон дэд гүйцэтгэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлэхийг нь хориглосон юм.
Хятад зөвхөн төрийн байгууллагуудыг хамруулж байгаа энэ шийдвэрээ хувийн салбарт ч хамааруулвал гадаадын технологийн компаниуд энэ том зах зээлийг алдах бодит эрсдэлтэй тулгарна. Одоогоор Хятадын засгийн газартай хамтран ажилладаг хувийн компаниуд дотоодын үйлдвэрлэлийн технологи ашиглах үүрэг хүлээх болж байна. Учир нь геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй ийм нөхцөлд засгаас гаргасан шийдвэрийг дагаснаар Хятадын хувийн салбарынхан өөрсдийн бизнесийг хамгаалах боломжтой болох юм.
Хятад улс дотоодынхоо технологийн хэрэгцээг хангахын тулд 2020 он гэхэд хагас дамжуулагчийн 40 хувийг, 2025 он гэхэд 70 хувийг үйлдвэрлэдэг болохоор зорилт тавьжээ. Тиймээс гадны компаниуд энэхүү асар их багтаамжтай бөгөөд ашигтай зах зээл дээр тогтож үлдэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, 2019 онд Хятадын компаниуд технологид 1,7 их наяд юань буюу 256,6 тэрбум ам.доллар, харин 2020 онд 1,8 их наяд юань буюу 272,8 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Худалдааны дайн: Америк компаниуд хохирох нь
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ