Тав дахь үеийн сөнөөгч Су-57 сүйрчээ

Оросын Агаар сансрын цэргийн хүчний Су-57 сөнөөгч онгоц Хабаровкийн хязгаарт сүйрчээ. РЕН ТВ сувгийн мэдээлснээр сөнөөгч онгоц туршилтын үеэр, Дземги нисэх буудлаас 111 километр зайд сүйрсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нисгэгч онгоц сүйрэхээс өмнө амжин гарч, шүхрээр аюулгүй газарджээ. Түүнийг Ми-8 нисдэг тэргээр шилжүүлсэн байна.
Хабаровск мужийн Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдснээр онгоцны хөдөлгүүр туршиж байх үед энэ осол гарчээ. Одоо онгоцны хар хайрцгийг хайж байгаа юм байна.
Сөнөөгч онгоц сүйрсэн шалтгаан нь онгоцны гэмтэл болон жолоодлогын алдаа байх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Оросын тав дахь үеийн сөнөөгч болох Су-57 онгоцыг хүнд сөнөөгч Су-27 онгоцны оронд Оросын Агаарын цэргийн хүчинд нэвтрүүлэхээр боловсруулсан юм.
2019 оноос цувралаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 60 тэрбум рублийн өртөгтэй төслийн хүрээнд нэг онгоц 2,236 тэрбум рубль буюу 34,4 сая ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа аж.
Су-57 сөнөөгчийг энэ онд багтаан цэргийнхэнд өгөхөөр төлөвлөж байжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ