COVID-19: Борис Жонсоныг сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон COVID-19 вирусийн халдварын улмаас ням гаригт эмнэлэгт хэвтсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.
Ийнхүү эмнэлэгт хэвтсэнээс хойш түүний биеийн байдал муудсаны улмаас Лондонгийн Сент-Томас эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Борис Жонсоны хүсэлтээр Ерөнхий сайдын үүргийг "шаардлагатай тохиолдолд" Гадаад хэргийн сайд Доминик Рааб хавсран гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
"Өнөөдөр /даваа гаригт/ үдээс хойш Ерөнхий сайдын биеийн байдал муудаж, эмчлэгч эмч нарын зөвлөснөөр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн" гэж Засгийн газрын тэргүүний хэвлэлийн алба мэдэгджээ.
Энд дуулгахад, 55 настай Жонсоныг COVID-19 вирусийн халдварын шинж тэмдэг ихээр илэрч байна гэж үзэн өнгөрсөн ням гаригт Лондонгийн Сент-Томас эмнэлэгт хэвтүүлсэн байна. Даваа гаригийн өглөө тэрбээр Твиттер хуудсандаа сэтгэл санаа өөдрөг байгаагийн дээр багийнхантайгаа холбоотой байгаа гэж бичиж байжээ.
Мөн өөрт нь болон бусад өвчтөнүүдэд санаа тавьж байгаа эрүүл мэндийн салбарын бүхий л ажилтнуудад талархал илэрхийлэн "Та бүхэн Британийн шилдгүүд" хэмээн бичиж байв.
Үүний дараахан, Ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Борис Жонсоныг эмч нарын хяналтанд байгаа хэмээн мэдээлсний дээр Засгийн газрын тэргүүнийг уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан гэсэн мэдээллийг няцааж байсан юм.
Дашрамд дуулгахад, Британид COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 51 608 болж, халдварын улмаас нас барсан хүний тоо 5373-д хүрчээ.
COVID-19: Их Британийн Ерөнхий сайдыг эмнэлэгт хэвтүүлжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ