Их Британи Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Их Британи Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хуурамч гэж үзэж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.
"Беларуст энгийн номхон жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгаа нь айдас төрүүлж байна. Их Британи энэхүү хуурамч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сонгуулийн дараа гарсан хэлмэгдүүлэлт, олон тооны зөрчлийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан нэн даруй шалгахыг уриалж байна" хэмээн Доминик Рааб Твиттер хуудсандаа бичсэн байна.
Түүнчлэн Лондон буруутай хүмүүсийг шийтгэх, Беларусын эрх баригчдад хариуцлагад тооцуулахын тулд гадаад түншүүдтэйгээ хамтран ажиллана гэж онцолжээ.
Британийн Ерөнхий сайдаас гадна, Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа Беларусын Ерөнхийлөгч Лукашенког хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэж болохгүй хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Беларусын сонгуулийг чөлөөт, шударга сонгууль болоогүй хэмээн мэдэгдсэн юм.
Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ сонгуулийн дүнгээр өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувийн санал авч, түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская 10,1 хувийн санал авсан гэж тус улсын Сонгуулийн төв хороо мэдээлсэн юм. Харин энэ дүнг эсэргүүцсэн иргэд Беларусын олон хотод эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Улмаар энэ эсэргүүцэл цагдаагийнхантай мөргөлдсөнөөр даамжран, хүчнийхэн жагсагчдыг зогсоох зорилгоор резинэн сумтай буу зэрэг зэвсэг хэрэглэж байв.
Беларусын эсэргүүцэл: ЕХ эрх баригчдад уриалга гарган, эмч нар тэмцэлд нэгдлээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ