Беларус: Гродно хотын эрх баригчид жагсагчдын шаардлагыг биелүүлнэ

Беларусын Гродно хотын гүйцэтгэх хороо Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Светлана Тихановскаягийн штаб болон үйлдвэрчний эвлэлүүдийн зарим шаардлагуудыг биелүүлэхээр зөвшөөрсөн талаар Известия мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хотын захиргаа Лениний болон Советская талбай дээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн "Гродно Плюс" телевизийн сувгаар олон нийт, үйлдвэрчний эвлэлүүд болон улс төрийн намуудын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангах гэнэ.
Мөн хотын захиргаа эсэргүүцлийн арга хэмжээний үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн бүхий л гомдлыг хүлээн авч, асуудлыг судлана хэмээн мэдэгдсэний дээр эсэргүүцэлд оролцох хүсэлтэй ажил хэрэгчдийн эсрэг захиргааны арга хэмжээ авахгүй гэж амлажээ.
Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80,1 хувь, сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановская 10 орчим хувийн санал авсан гэж Сонгуулийн хороо мэдэгдсэн юм. Харин энэ дүнг эсэргүүцсэн олон нийт сонгууль дууссаны дараагаас л эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, өдгөө Беларус даяар эсэргүүцэл тэмцэл 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Беларусын эсэргүүцэл: Тамирчид шигшээ багийн төлөө тоглохгүй гэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ