Cinema for Peace: Навальныйг хордуулсан, тэнхрэхэд олон сар шаардлагатай

img

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бие гэнэт муудаж, Омский эмнэлэгт хүргэгдсэний дараа түүнийг Германд эмчлүүлэхийн тулд тус улсын Cinema for Peace сан Омск хот руу тусгай зориулалтын онгоц илгээсэн. Улмаар Навальныйг Оросоос тээвэрлэн Берлинд авчиран эмчилж байгаа бөгөөд түүний биеийн байдлын талаар тус сангийн үүсгэн байгуулагч Яка Бизиль Bild сонинд мэдээлэл өгчээ. 

 

"Навальныйг хордуулахыг оролдсон. Тэр үүнийг даваад гарна, гэхдээ улс төрч хэвийн байдалдаа ороход хэдэн сарын хугацаа хэрэгтэй" хэмээн Яка Бизиль өгүүлжээ. Тэрбээр сүүлийн 2-3 өдрийн үйл явдлыг ажиглахад Навальный энэ бүхнийг даваад гарна гэж үзэж байгаа бөгөөд гэхдээ өөрөө эмч биш, нөхцөл байдлыг нарийн тодруулахын тулд Германы эмч нарын дүгнэлтийг хүлээх шаардлагатай гэж онцолсон байна.

 

Яка Бизилийн үзэж байгаагаар Навальныйг хордуулснаас үүдэлтэй сөрөг үр дагавар цаашид үлдэх, ажлаа хэвийн хийх боломжтой эсэх нь гол асуудал болоод байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москваг зорьсон нислэгийн үеэр бие нь гэнэт муудсаны улмаас онгоц Омск хотын нисэх буудал дээр яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн юм. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн цагаасаа эхлэн ухаангүй, комд орсон байсан бөгөөд Оросын эмч нар Навальныйг тээвэрлэхийг зөвшөөрсний дараа наймдугаар сарын 22-ны өглөө Cinema for Peace сангийн илгээсэн тусгай онгоцоор Берлиний Шарите эмнэлэг рүү хүргэсэн. Түүнийг Германы хэвлэлээр "канцлерын зочин мэт хүлээн авсан" хэмээн мэдээлсэн бөгөөд Навальный хэвтэж буй эмнэлгийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Тодруулбал Берлиний Шарите эмнэлгийн байрны гадна цагдаагийнхан жижүүрлэж, цагдаагийнхныг суулгасан автобусууд зогсож байгаа гэнэ. Хоёроос таван хүн нэг дор зогсон, нийт 10 гаруй цагдаа 24 цагийн туршид эмнэлгийг хамгаалж байгаа аж. 

 

Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ