COVID-19: Хонконгт коронавирусээр давтан халдварласан тохиолдол бүртгэгджээ
2020-08-25

Хонконгт коронавирусийн халдварыг давтан авсан анхны тохиолдол илэрсэн талаар Хонконгийн их сургуулийн эрдэмтэд мэдээлснийг ВВС дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр дөрвөн сар гаруйн өмнө COVID-19 вирусийн халдвар аваад эмчлүүлж гарсан эрэгтэйгээс дахин вирус илэрчээ. Давтан тест хийх үед тухайн өвчтөнд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан гэнэ. 

 

Тодруулбал, Хонконгийн 33 настай оршин суугч коронавирусийн халдвар аван эмчлүүлээд дөрөвдүгээр сард эмнэлгээс гарсан байна. Эмч нар түүнийг бүрэн эдгэрсэн гэж тухайн үед үзсэн ч тэрбээр наймдугаар сард Испани руу зорчоод эргэн ирэхдээ нисэх буудал дээр коронавирусийн тест өгөхөд хариу нь эерэг гарчээ. 

 

Өмнө нь Хятадад вирус давтан илэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан талаар БНХАУ-ын эрх баригчид мэдэгдэж байв.Эдгэрсэн хүмүүсийн 5-15 хувь нь дахин өвчилсөн бөгөөд гэхдээ эдгээр хүмүүс дахин халдвар авсан эсвэл эхний удаад дутуу эмчлэгдсэн эсэхийг батлах боломжгүй байгаа аж. 

 

Шинэ төрлийн коронавирусээр өвдсөн хүмүүст вирусийн эсрэг дархлаа тогтдог гэж эрдэмтэд тогтоосон ч энэ хамгаалалт хэр үр дүнтэй, мөн хэр удаан хугацаанд үргэлжилдэг нь тодорхойгүй байгаа юм. Хонконгийн өвчтөнд тохиолдсон явдал нь вирусийн эсрэг дархлаа удаан үргэлжилдэггүй гэдгийг харуулах нэг баримт хэмээн шинжээчид үзжээ. Мөн хүмүүс шинэ төрлийн вирусийн халдварыг давтан авах боломжтой гэдэг нь тогтоогдвол энэ нь вакцинжуулалтын ажилд ихээхэн хүндрэл учруулах юм. Гэхдээ одоогоор давтан халдвар авах тохиолдол цөөн гарсан тул яаран дүгнэлт хийх хэрэггүй гэж ДЭМБ мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Тувагийн тэргүүн тавдугаар сард коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эдгэрч гарсан ч дахин халдвар авсан байна. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

COVID-19: Тувагийн тэргүүн дахин халдвар авчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин