DW: Навальный ухаан ороогүй ч биеийн байдал тогтвортой гэв

img

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный 10 хоногийн туршид комд байна. Өдгөө Германы Шарите эмнэлэгт эмчлүүлж байгаа түүний эрүүл мэндийн байдал сайжирч байгаа, амь насанд нь аюулгүй гэж эмч нар мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ. Навальныйгийн амь насыг эмч нар төдийгүй цагдаагийнхан хамгаалж байгаа юм. 

 

Навальныйг эмчилж буй Берлин хотын Шарите эмнэлгийн эмч нар сэтгүүлчидтэй харилцахгүй, зөвхөн Навальныйн эхнэр Юлия зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг богино, хэвлэлийн мэдээ хэлбэрээр өгч байгаа аж. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Навальныйн биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюулгүй ч эрүүл мэндийн байдлыг ноцтой гэж үзэж байгаа гэнэ. Тэрбээр одоо хүртэл хиймэл комд байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан байгаа аж. 

 

Оросын сөрөг хүчний томоохон төлөөлөгчийг хордуулсан гэж түүнийг дэмжигчид болон Германы тал үзэж байгаа тул амь насыг нь хамгаалах үүднээс дээд зэргийн хамгаалалт гаргасан байна. Берлиний эмнэлэгт хүргэгдээд долоо хоносон ч ямар ч мэдээлэл, тасагт хэвтэж байгаа талаарх гэрэл зураг алдагдаагүй гэдгийг эх сурвалж онцолжээ. Навальныйг Омск хотоос Берлинд авчран, эмнэлэгт хүргэхдээ мотоциклчдын цуваа, түргэн тусламжийн машин, цагдаа, Холбоны цагдаа дагалдан явсан бол өвчтөнийг цэргийн эмнэлгийн сэхээн амьдруулах машинд тээвэрлэсэн байна. Ийнхүү Навальныйг хүргэх үед эмнэлэг орчмын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хааж, хамгаалалтад авчээ. Түүнчлэн ийнхүү хамгаалж авчрахаас өмнө буух газрыг хүртэл нууцалсан байна. Тодруулбал, Навальныйг тээвэрлэсэн онгоц Шюнефельдийн нисэх буудал дээр газардана гэж зарласан ч Тегел дэх буудалд газардсан талаар Германы хэвлэлүүд хожим нь мэдээлсэн юм. 

 

Хэдийгээр Навальныйг Оросоос тусгай онгоцоор авчирж, эмчилгээ болон хамгаалалтад асар өндөр төлбөр төлж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөнөөс гараагүй гэдгийг Навальныйн эмчилгээг хариуцаж буй "Cinema for Peace" сангийнхан мэдэгджээ. Энэ сан Навальныйг Омск хотын эмнэлэгт хүргэгдсэний дараа тусгай онгоц илгээн өвчтөнийг тээвэрлэн авчирсан бөгөөд ийнхүү тээвэрлэсэн зардлыг Оросын цагаач бизнесменүүд болох эцэг, хүү Дмитрий болон Борис Зимин нар төлсөн байна. 

 

Германы канцлер Ангела Меркель өдөр бүр Навальныйн биеийн байдлын талаарх мэдээллийг авч байгаа гэх бөгөөд Германы эрх баригчид Навальныйг чухамхүү ямар хороор хордуулсныг тогтоож чадна гэж найдаж байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва хотыг чиглэсэн нислэгийн үеэр Навальныйн бие муудаж, онгоц Омск хотноо яаралтай газардан, улс төрчийг эмнэлэгт хүргэсэн юм. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон.  Энэ үйл явдлын дараа "Cinema for peace" сан Германаас онгоц илгээн, наймдугаар сарын 21-ний өглөөнөөс эхлэн Навальныйг тээвэрлэх зөвшөөрөл хүлээн зогссон юм. Анхандаа Омскийн эмч нар Навальныйн биеийн байдал хүнд байгаа тул тээвэрлэх боломжгүй гэж байсан ч удалгүй зохих зөвшөөрөл гарч, наймдугаар сарын 22-ны өглөө Навальныйг тээвэрлэсэн онгоц Германыг чиглэн хөөрсөн. Шарите эмнэлгийн эмч нар Навальныйд цогц шинжилгээ хийж эхэлсэн бол наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Германы цагдаагийн газар Шарите эмнэлгийн 24 цагийн хамгаалалтад авсан юм.

 

Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?

Cinema for Peace: Навальныйг хордуулсан, тэнхрэхэд олон сар шаардлагатай

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
urvagch eh ornoo hudaldaj amdardag novsh...
2020-08-31