Германы эрх баригчид Навальныйг дээд зэргийн хамгаалалтад авав

Германы эрх баригчид Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хяналтдаа авч, түүнийг Германы нутаг дэвсгэрт байх үед нь дээд зэргийн аюулгүй байдлыг хангана гэж ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Ийм шийдвэр гаргах болсон нь Навальныйн нөхцөл байдал дэлхий дахины анхаарлыг татаж байгаатай холбоотой гэнэ. "Тиймээс Навальныйг ямар нэг саад тотгоргүй эмчлүүлж, эдгээхийн тулд аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авах ёстой" хэмээн Хайко Маас мэдэгджээ.
Эргэн сануулахад, Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйн бие наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн онгоцоор нисч явах үед гэнэт муудсан юм. Улмаар түүний зорчиж явсан онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Комд орсон Навальныйг Германд эмчлүүлэхээр "Cinema for Peace" сангийнхан онгоц илгээн, улмаар наймдугаар сарын 22-ны өдөр түүнийг Германы Берлин дэх Шарите эмнэлэгт хүргэсэн юм. Есдүгээр сарын хоёрны өдөр ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдэл хийхдээ цэргийн хор судлаачид шинжилсний дүнд Навальныйг "Новичок" бүлгийн хороор хордуулсан гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээн онцолж байлаа.
Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ