Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан өдөр

Өнөөдөр Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 96 жилийн ой тохиож байна.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.
Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. Анхдугаар Үндсэн хуулинд “… улсын дээд эрхийг жинхэнэ ардад … эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч тусгаар улсын үнэ цэнээ бататгасаар ирсэн билээ. Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын амин сүнс. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд:
Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан байдаг.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ