Л.Халтар: Төмөр зам ашиглалтад ороход нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурна

Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.
Л.Халтар: Төмөр зам ашиглалтад ороход нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурна
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Бидний алдагдсан боломжийн тооцоолол байна уу? Хичнээн доллар илүү олох боломжтой байсан вэ?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Алдагдсан боломжийн судалгааг бид хийх ёстой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар жилд 15-20 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоо гарсан.
-Төмөр зам ашиглалтад орохоор нүүрсний хэмжээ хэд болох вэ? Өртөг зардаж яаж буурах вэ?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Одоо Тавантолгой-Цагаанхад-Ганц мод боомтоор авто тээврээр 1 тонн нүүрснийг 32 ам.доллароор тээвэрлэж байна. Төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос урагшаа хил гарахад нүүрсний тээврийн зардал 8.5 ам.доллар болно. Авто тээврээр тээвэрлэснээс дөрөв дахин хямдарна гэсэн үг.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, захиргаа чинь ажил хийж байна уу?
-Бид хамгийн чухал асуудалдаа хойрго, идэвх санаачилгагүй, зохион байгуулалтгүй ханддаг. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно, түүхэндээ байгаа хамгийн өндөр тоо. Үүний 90 хувийг Өмнөговийн хоёр боомтоор гаргана. Боомт чинь ямар ч удирдлагагүй, тал тал тийшээ харсан хүмүүс байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, захиргаа чинь ажил хийж байна уу?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргааг шинээр байгуулсан. Цаашдаа эргэж ярихгүй бол болохгүй байна.
-Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгөх хэрэгтэй. Төр олон зөвшөөрөл өгөхөөр хээл хахуул, авлига яригдаад байна.
АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон: С бол улс хоорондын хил гарах зөвшөөрөл. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олгодог зөвшөөрөл. Бид янз бүрийн байдлаар судалж байгаа, уурхайнуудад зөвшөөрлийн бичгийн квотыг хуваарилах талаар хүсэлт тавьсан. Эрдэнэс Тавантолгой ХК-д 60 хувь буюу 3400 орчим зөвшөөрөл ногддог. Гэтэл Эрдэнэс Тавантолгой хуваарилах боломжгүй, ямар ч бэлтгэлгүй. 2022 оны нэгдүгээр улирлаас хуваарилах боломжтой гэсэн хариуг өгч байгаа.
-Өчнөөн хөрөнгө гаргаж хийсэн чингэлэг тээврийн терминалаа хэзээ ажиллуулах юм бэ?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Чингэлэг тээврийн терминал тун аятайхан ажил болсон. Технологийн талаар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байна. Ойрын үед эерэг үр дүн гарах болов уу гэсэн найдлагатай байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Нүүрс тээвэр хугацаа алдаж, төлөвлөгөө тасалдалтай явж байна. Сүүлийн гурван сарын хугацаанд 2021 оны төлөвлөгөөнд хүргэх боломж байна уу?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Гашуунсухайт боомт, цагаан хаданд халдварын тархалт идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал шинжилгээнд анхаарал тавьж байна. Нүүрс тээврийг нэмэгдүүлэхээр терминал байгуулсан, туршилт амжилттай болсон. Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна.
-Халдвар хамгааллын дэглэм чинь хэл ам татлаад байна. Манай талд шинжилгээ өгөхөөр сөрөг, Хятадын талд өгөхөөр эерэг гардаг. Үүнээс болоод жолооч нар хохирсон асуудал яригдаж байна. Үүнийг гольдролд оруулах боломж байна уу?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Энэ байдал гурван сар үргэлжилж байна. Бид ЭМЯ-нд асуудлыг тавьсан. ЭМЯ БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хоёр удаа цахим уулзалт хийсэн байна. Мөн ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, шинжилгээний цэгт ажиллуулсан.
-Баахан мухар төмөр замтай боллоо гэсэн асуудал яригддаг. Урагшаа гарц байхгүй. Энэ асуудлаа урд талтайгаа хэр ярьж байгаа вэ? Баригдаж байгаа төмөр зам чинь хэзээ гарцтай болж, нүүрс тээвэрлэх юм бэ?
ЗТХ-ийн сайд Л.Халтар: Төмөр замын хил холболтын асуудлаар БНХАУ-ын Чайна энержи компанитай өнөөдөр гурав дахь удаагийн уулзалтаа хийж байна. Энэ уулзалтын дараа тодорхой мэдээлэл өгнө. Хил холболтын эхний гаргалгаа гарсан. Одоо нарийн царигаа нааш оруулах уу, өргөн царигаа цааш гаргах уу гэдэг асуудлаар Хятадын талтай ярилцаж, эцсийн шийдийг ойрын хугацаанд гаргахаар ажиллаж байна. 2022 оны VII сар гэхэд Тавантолгойгоос Гашуунсухайт өртөө хүртэл төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 69.4 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрий хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын нүүрс тээврийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг хариуг сонсч байна. Асуулгын хариуг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар тээврийн нэгдсэн системд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрс тээвэр хийх 244 ААН, 18 997 тээврийн хэрэгсэл, 16 715 жолооч бүртгэлтэй байна. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Цагаан хад суурьшлын бүсийн иргэд болон нүүрс тээврийн жолооч нар нийлсэн 18 600 хүнийг коронавирусийн халдварын эсрэг вакцины I, II тунд бүрэн хамруулжээ. Өнөөдрийн байдлаар III тунд 215 хүн хамрагдаад байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц 69.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Доод бүтэц буюу далангийн ажил 95.4 хувь, хил холболтын ажил 93.1 хувь, замын дээд бүтцийн ажил 80.7 хувь, дохиолол холбооны ажил 23.9 хувь, эрчим хүчний угсралт, суурилуулалтын ажил 57.9 хувь, шилэн кабель татах ажил 60.5 хувийн биелэлттэй байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ