Залуус сонголтгүй сонгуулиас татгалзаж байна

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр явагдсан ч ирц бүрдсэнгүй. Ингэснээр дахин нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсэв. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, нэмэлт санал хураалтын товыг тодорхой болгоно.
Энэ удаагийн нөхөн сонгуульд улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч энэ сонгуулийн үр дүн гарсангүй, дахин явагдахаар болов. Сонгуулийн төв байгууллагаас санал хураалтын ирц хүрээгүйг олон шалтгаантай хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, Хэнтий аймаг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сонгогчид саналаа өгч чадаагүй байна. Тус аймагт их хэмжээний цас орсноос үүдэн малчид саналаа өгч чадаагүй гэнэ. Өвлийн бэлтгэлээ хангах намрын их ажлын цагаар малчдад сонгууль чухал биш нь мэдээж.
Харин Сонгинохайрхан дүүрэгт нөхцөл байдал өөр. Цаг агаарын ямар ч саад бэрхшээл байсангүй. Нөхөн сонгуулийн санал хураалтад зориулан нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг цуцалсан учраас давхцах ямар нэг үйл явдал байсангүй. Гэвч тус дүүргийн иргэд саналаа өгсөнгүй. Санал хураалтын ирц 39.61 хувиар зогсов.
Сонгогчдын санал өгсөн байдлыг насны ангиллаар харвал 70 ба түүнээс дээш насныхан хамгийн өндөр 66 хувьтай байна. Мөн 60-69 насныхан нөхөн сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцсон байна.
Харин 25-29 насны залуусын идэвх хамгийн бага буюу нийт сонгогчийн 26 хувь нь л саналаа өгчээ. Ер нь энэ сонгуульд 18-39 насныхан тун бага хувийн санал өгч, идэвхгүй оролцжээ. Үүнийг олон янзаар тайлбарлаж, янз бүрийн шалтгаан тоочиж болно. Тодорхой нь залуус улс төрөөс залхаж байна. Тэд сонголтгүй сонгуульд санал өгөөд үр ашиггүйг удаа дараа харсан учраас энэ сонгуульд идэвхгүй байдлаар бойкот хийсэн нь мэдээж. Ямар нам, хэн гэгч нэр дэвшигч гарах нь чанарын ялгаагүй, залуусын ажил, амьдралд ямар ч нөлөөгүй, үр өгөөжгүй. Цаашлаад энэ улсад ямар ч тус дэмгүйг залуус мэддэг болсон. Тиймдээ ч нөхөн сонгуульд санал өгөх үүргээсээ татгалзаж.
Нийгмийн нэг хэсэг нь залуусыг буруутгах нь мэдээж. Улс төрийн идэвхгүй, иргэний үүргээ биелүүлдэггүй хэмээн шүүмжилдэг. Бараг сонгуульд саналаа өгөөгүй учраас энэ улсаас ямар нэг зүйл хүсэх, шаардах эрхгүй мэтээр зэмлэдэг. Гэхдээ гоё ярьж, сайхан инээмсэглэж байгаад саналыг нь авсан ах, эгч нар залуусын төлөө юу хийсэн бэ? Тэд ядаж л залууст зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэхийн төлөө дуугардаг билүү.
Үнэндээ идэр насны залуус энэ улсад хөлөө олж амьдрах амархан биш. Нийгмийн халамж, хамгааллын бүх үйлчилгээ тэднээс холуур. Наанадаж л амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалинтай ажлын байр хомс гэхчлэнгээр залууст асуудал мундахгүй. Тэдний нийгмийн асуудалд нэг ч анхаарал хандуулдаггүй атлаа сонгуульд саналаа өгсөнгүй гэж зэмлэж, загнах нь утгагүй. Ядаж л залуусын сонирхол татахуйц нэр дэвшигч ч алга шүү дээ. Залуус алиалагчдыг шоолоод л өнгөрөхөөс сонгохгүй.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ