Хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө байлдахаас татгалзахыг Оросын цэргүүдэд уриалжээ

Оросын хүний эрхийн болон ардчилсан хөдөлгөөн гээд нийт 20 гаруй төрийн бус байгууллага Оросын цэргүүдэд хандан уриалга гаргажээ. Энэ уриалга Төрийн думаар батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бөгөөд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө Украины дайнд оролцохоос татгалзах эсвэл сайн дураар олзлогдохыг Оросын цэргүүдэд хандан уриалсан мэдэгдлийг "Весна" хөдөлгөөний цахим хуудсан дээр нийтэлсэн байна.
"Төрийн дум Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дөнгөж сая шуурхай горимоор баталлаа. Ингэснээр сайн дураар олзонд бууж өгөх, анги хэсгээ дур зоргоор орхин явах, тушаал биелүүлэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа юм. Маргааш, есдүгээр сарын 21 гэхэд л хуулийг Холбооны зөвлөл батална. Мөн энэ өдрөө л Путинд гарын үсэг зуруулахаар өгөх байх. Үүний дараа хууль албан ёсоор мөрдөгдөж эхэлнэ. Энэ нь "тусгай ажиллагаан"-д оролцох хүсэлгүй байгаа цэргүүдийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөх юм" хэмээн уриалгад өгүүлжээ.
Энэ уриалгад Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Украинд одоо байгаа төдийгүй Украин руу илгээхээр бэлдэж байгаа цэргийн алба хаагчдад ч хамааралтай гэдгийг хүний эрхийг хамгаалагчид онцолсон байна. Мөн энэ уриалгад хэрхэн хуулийн дагуу "тусгай цэргийн ажиллагаа"-нд оролцохоос татгалзах талаар тусгасан зааварчилгааг хавсаргасан байна.
Энд дуулгахад, есдүгээр сарын 20-ны өдөр Оросын Төрийн дум цагаачдад иргэншил олгох тухай өөрчлөлтийг хуульд оруулсны зэрэгцээ Эрүүгийн хуульд ч өөрчлөлт оруулж, шинэ нэр томъёо, тодорхойлолтуудыг багтаасан нь ОХУ даяар ихээхэн шуугиан дэгдээж, "бүх нийтийн дайчилгаа зарлаж болзошгүй" гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна. Учир нь энэ өөрчлөлтөд "дайчилгаа", "дайны байдал", "дайны цаг" гэсэн ойлголтуудыг багтаажээ. Нэмэлт өөрчлөлтөөр "сайн дураар олзлодвол 3-10 жилийн хорих ял", "байлдааны талбарт дээрэм тонуул хийх- 15 хүртэлх жилийн хорих ял" , "даргын өгсөн тушаалыг гүйцэтгээгүй, цэргийн эсвэл байлдааны үйл ажиллагаанд оролцохоос татгалзвал 2-3 жилийн хорих ял", "дайчилгаа эсвэл дайны байдлын үед, дайн эсвэл зэвсэгт сөргөлдөөн, байлдааны үйл ажиллагааны үед гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлөөр авч үзнэ" гэсэн шинэ заалтуудыг тусгажээ.
ОХУ цагаачдад иргэншил амлан, сайн дурын цэрэгт татахаар зэхэж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ