Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян дахин эхэллээ

Хятадад тэг ковид бодлогыг эсэргүүцэн, оршин суугчид өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ эсэргүүцлийн дараа Шинжаан-Уйгурт хөл хориог бага зэрэг сулруулах шийдвэр гарсан ч бусад нутагт хязгаарлалт багасгаж байгаа талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Харин хязгаарлалт сулруулахын оронд нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, коронавирусийн халдварын дэгдэлт их байгаа тул нэмэлт дархлаажуулалтын аяныг өрнүүлэх шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан байна. Эхний ээлжинд өндөр настнууд зэрэг нэн шаардлагатай хүмүүсийг коронавирусийн эсрэг дархлаажуулалт хамруулах бол бусад хүмүүсийг мөн л ойрын үед нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөжээ.
Хятадад 11 дүгээр сард коронавирусийн халдварын дотоодын дэгдэлт нэмэгдэж, цар тахлын оргил үед гарч байснаас ч их халдвар бүртгэгдэх болсон юм. Тиймээс тэг ковид бодлого баримталж буй Хятадын эрх баригчид хөл хорио, хатуу хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа бөгөөд энэ нь гурван жилийн туршид хязгаарлалт дунд амьдарсан оршин суугчдыг бухимдуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин, Шанхай зэрэг олон том хотод эсэргүүцэл дэгдэж байв.
ХЯТАД ДАХЬ ЭСЭРГҮҮЦЭЛ: ЦАГДААГИЙНХАН ЖАГСААЛД ОРОЛЦОГЧДЫГ ХАЙЖ БАЙНА
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн Хятадын иргэд томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ төрлийн эсэргүүцэл хатуу дэг журамтай Хятадад нэн ховор үзэгдэл бөгөөд энэхүү эсэргүүцэл ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж олон улсын шинжээчид үзэж байлаа. Тэдний таамаглал зөрсөнгүй. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ