Нетаньяху ХАМАС-т олзлогдсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзжээ
2023-11-21

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, олзны хүмүүсийг суллах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ. Энэ талаар The Times of Israel сонин мэдээлсэн байна. 

 

"Энэ уулзалтын үеэр би ар гэрийнхний зовлон шаналлыг сонслоо. Бид сэтгэлээсээ ярилцсан. Бид өдөр шөнөгүй явуулж байгаа дипломат, тагнуулын болон шуурхай ажиллагааны талаар тэдэнд ярьсан" хэмээн Нетаньяху мэдэгдээд олзны хүмүүсийг суллахад боломжит бүхий л арга хэмжээг авна хэмээн амласан байна. Түүнчлэн Израилын эрх баригчид олзны хүмүүсийг суллах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа, амжилтад хүрэх хүртэл нэг ч хором зогсохгүй хэмээн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Израил болон ХАМАС АНУ-ын зуучлалтайгаар, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллахын тулд сөргөлдөөнийг таван өдрийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсон гэсэн мэдээллийг 11 дүгээр сарын 18-ны өдөр Вашингтон Пост сонин дамжуулж байлаа. Гэсэн ч АНУ болон Израил, ХАМАС энэ мэдээллийг няцаасан байна. Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлийн гарт 240-250 хүн байгаа, тэдний ихэнх нь Израилын иргэд аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин