Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан нарын улс төрийн байр суурь

img


Сүүлийн өдрүүдэд Т.Аюурсайхан, Д.Амарбаясгалан нарын олон нийтэд хийсэн мэдэгдлүүд  эрх баригч намын дотоод ардчилал, институцийн төлөвшил, шүүх засаглалын хараат бус байдлын тухай өргөн хүрээний асуудлыг дахин хөндөж байна. Тэдгээрийн мэдэгдэл нь улс төрийн соёл, хариуцлагын механизм, эрх мэдлийн төвлөрөл, фракцийн тэмцлийн хөшигний ардах бодит дүр зургийг харуулахын зэрэгцээ Монголын парламентын ардчиллын өнөөгийн чансааг шалгаж буй улс төрийн сорилт болж байна. 


Т.Аюурсайханы мэдэгдэл Улс төрийн ял шийтгэл үү, эсвэл улс төржүүлсэн хамгаалалт уу?
Т.Аюурсайханы мэдэгдэлд дараах гол агуулгууд багтжээ. 
Өөрийг нь нүүрсний хэрэгт холбогдуулсан нь улс төрийн захиалга байсан. 
Захиалагч нь Л.Оюун-Эрдэнэ бөгөөд нам доторх “томоохон бүлэглэл” нөлөөлсөн. 
Өөрийн улс төрийн замнал нь стратегийн ордуудыг хувьчлах оролдлогын эсрэг тэмцсэнтэй холбоотой. 
Шүүхийн байгууллага түүнийг “шударга бусын хонгилоор” оруулсан байж болзошгүй. 
Уг мэдэгдлээс харвал тэрбээр өөрийгөө стратегийн орд, баялгийн хуваарилалтын шударга байдлын төлөө тэмцэгч, харин түүний эсрэг үйл ажиллагаа явуулсан этгээдүүдийг “баялгийг завшигчид” хэмээн тодорхойлжээ. Энэ нь улс төрийн легитим байдлаа “үндэсний баялгийн хамгаалагч” гэсэн имиджээр сэргээх оролдлого гэж харагдав. Хоёрдугаарт, шүүх засаглалын легитим чанарт эргэлзээ төрүүлэх замаар өөрийн ял шийтгэлийг улс төрийн акт болгон тайлбарлаж байна. Хэрэв прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй, шүүх хуралдаж эцсийн шийдвэр гаргаагүй байхад олон нийт түүнийг аль хэдийн “ял авсан” гэж ойлгосон бол энэ нь хууль зүйн бодит үнэнээс бус, зориуд худал мэдээлэл тарааснаас үүдэлтэй болж таарах уу? Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээс өмнө нийгмийн дүгнэлт түрүүлж тогтсон бол тэр нь улс төрийн PR, эсвэл зориуд чиглүүлсэн мэдээллийн үр дагавар гэж Т.Аюурсайхан хэлжээ. Хэрэв шүүхийн процесс үнэхээр улс төрийн нөлөөлөлтэй байсан бол энэ нь зөвхөн нэг улстөрчийн асуудал биш, харин засаглалын хямралын илрэл болох бишүү. Харин эсрэгээр, хэрэв түүний мэдэгдэл улс төрийн хамгаалалтын стратеги бол шүүхийн нэр хүндийг зориуд унагаж буй үйлдэл юм. Ёстой л цаг хугацаа үнэнийг харуулна биз. 

Д.Амарбаясгалангийн мэдэгдэл
Д.Амарбаясгалангийн мэдэгдэл илүү институцийн өнгө аястай боловч далд улс төрийн мессеж агуулж байна. Тэрбээр нам дотоод ардчиллаасаа ухарч буйг анхааруулсан, бүлэглэлийн залгамж халаа давамгайлах эрсдэл байгааг дурдсан,“Орчин цагийн хэлмэгдүүлэлт” гэж дүгнэжээ. Энэ нь шууд нэр заалгүйгээр намын удирдлагын арга барилд шүүмжлэл хандуулж буй дохио юм. Түүний үг яриа эхэндээ улс төрд ялах, ялагдах нь түр зуурын зүйл гэдгийг онцолсон өнгө аястай эхэлж байгаа ч эцэстээ нам, төрийн институц хэр төлөвшсөн бэ гэдэг илүү том асуудал руу санаагаа чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн ялалт ялагдлаас илүүтэйгээр тогтолцоо өөрөө эрүүл үү, ардчилсан хэвээр үү гэдэг асуултыг тавьж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө фракцийн тэмцлийн золиос гэхээс илүү намын институцийн шинэчлэлийн төлөө зүтгэгч болгон харуулахыг зорьжээ. 
2024 оны парламентын сонгуулийн дараа 126 гишүүнтэй шинэ бүтэц бүрдсэн нь олон төлөөллийг оруулсан эерэг өөрчлөлт боловч эрх баригч нам дотор эрх мэдлийн дахин хуваарилалтыг эхлүүлсэн юм. 


Т.Аюурсайхан өөрийгөө улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос хэмээн тодорхойлсон бол Д.Амарбаясгалан намын дотоод ардчиллын ухралтыг анхааруулав. Гэвч асуудлын гол нь хувь хүмүүсийн хоорондын итгэлцлээс хальж, шүүх засаглалын хараат бус байдал, намын дотоод ардчиллын бодит байдал, эрх мэдлийн төвлөрлийн түвшин, улс төрийн хариуцлагын механизм ажиллаж байгаа эсэх. Хэрэв улс төрийн зөрчил бүрийг “захиалгат хэрэг” эсвэл “бүлэглэлийн хэлмэгдүүлэлт” гэх тайлбараар орлуулж эхэлбэл институцийн легитим чанар алдагдана. Харин үнэхээр ийм нөлөөлөл байсан нь нотлогдвол энэ нь системийн шинэчлэл шаардах дохио мөн. Иймд өнөө өрнөж буй улстөрийн маргаан, хэлэлцүүлэг  эдгээр улстөрчийн хувь заяанаас давж, Монголын ардчиллын институцийн дархлааг шалгаж буй улс төрийн шалгуур мөч болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ