ИЗНН-ААС ХАСАГДСАН Р.БАТБОЛДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ УУ?

img

 

Сүүлийн үед ИЗНН доторх маргаан, тэр дундаа Р.Батболдыг намаас хөөх, цаашлаад УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татна гэх яриа улс төрийн хүрээнд нэлээд шуугиан тарьж байна. Зарим нь бүр жагсаалтаар орж ирсэн гишүүн учраас нам дураараа шийдээд суудлыг нь булааж, дараагийн хүнийг нь оруулчихна гэх маягаар ярьж явна. Гэхдээ энэ бол хууль эрх зүйн хувьд тийм амархан, дур зоргоороо шийдчих асуудал огт биш.

Юуны өмнө нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Их Хурлын гишүүн бол намын томилгооны хүн биш, ард түмний төлөөлөл. Жагсаалтаар орж ирсэн ч ялгаагүй, тойргоос сонгогдсон ч ялгаагүй, нэгэнт тангараг өргөөд гишүүн болсон л бол Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан бүрэн эрхтэй субъект болчихдог.

Намаас хөөгдвөл гишүүнээс явна гэдэг үлгэр

Одоо хамгийн их ташаа ойлгогдоод байгаа хэсэг рүү оръё. Намын удирдлага хуралдаад чи манай хүн биш боллоо гээд хөөчихвөл УИХ-ын гишүүний суудал нь дагаад автоматаар хүчингүй болно гэж зарим нь ойлгоод байх шиг байна. Үнэндээ ийм заалт Монголын аль ч хүчин төгөлдөр хуульд байхгүй.

Монгол Улсын Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тодорхой үндэслэлүүд бий. Үүнд,

  • өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдөх
  • гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдох
  • Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдох
  • нас барсан, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэх мэт

Гэхдээ намаас хөөгдсөн гэдэг үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл нам дотроо хэнтэйгээ эвтэй, хэнтэйгээ эвгүй байх нь тусдаа асуудал, харин УИХ-ын гишүүний бүрэн эрх бол тусдаа, хуульд заасан хамгаалалттай ойлголт.

Тийм ээ, жагсаалтын дараагийн хүн орж ирдэг зохицуулалт бий. Гэхдээ энэ нь зөвхөн суудал сул гарсан тохиолдолд л хэрэгжинэ. Харин суудал суллах эсэхийг нам биш, хууль шийднэ.

Өөрөөр хэлбэл,

  • эхлээд гишүүний бүрэн эрх хуулийн дагуу дуусгавар болох ёстой
  • дараа нь л жагсаалтын дараагийн хүн орж ирнэ

Түүнээс биш энэ хүн таалагдахгүй байна, дараагийнхаа хүнийг оруулъя гэдэг схем Монголд үйлчлэхгүй.

Зарим улс оронд сонгогчид гарын үсэг цуглуулаад гишүүнээ эгүүлэн татдаг механизм бий. Харин Монголд энэ ойлголт маш хязгаарлагдмал, бараг хэрэгждэггүй.

Манайд УИХ-ын гишүүнийг

  • сонгогчид шууд татах эрх зүйн бодит механизм байхгүй
  • нам дангаараа татах боломж байхгүй
  • зөвхөн хуульд заасан тодорхой нөхцөлүүд хангагдсан үед л бүрэн эрх нь дуусгавар болно

Ийм байхад нам шийдээд татна гэж ярих нь улс төрийн пиар байж болох ч хууль зүйн бодит үндэсгүй.

Улс төрд маргаан, зөрчил байх нь хэвийн. Гэхдээ хуулиас давсан яриа, олон нийтийг төөрөгдүүлэх тайлбар бол өөр асуудал. УИХ-ын гишүүний суудал бол намын даргын шийдвэрээр шийдэгддэг сандал биш, хуулиар хамгаалагдсан төрийн институцийн нэг хэсэг.

Тиймээс намаас хөөвөл УИХ-аас явуулна, жагсаалтаар орж ирсэн болохоор амархан сольчихно гэх мэт яриаг бодит хуультай нь харьцуулж харвал  нэлээд хол зөрүүтэй, бараг л улс төрийн үлгэр гэмээр зүйл болж таарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ