Зэсийн АМНАТ-ын маргаан

img

 

Монгол Улсад зэсийн баялаг бий. Гэхдээ тэр баялгаас төр хэдийг хүртэх ёстой вэ гэсэн асуултын тэмдэг бий.

Сүүлийн өдрүүдэд УИХ-аар хэлэлцэгдэж буй Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт энэ асуултыг дахин сөхөв. Гол өөрчлөлт нь зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн шатлалыг бууруулах тухай. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөх тусам нэмэгддэг байсан татварын ачааллыг хөнгөлөхөөр санал оруулж иржээ.

Мэдээж уул уурхайн компаниудад таатай мэдээ. Учир нь Монголын хамгийн том зэс олборлогчдын нэг нь өнөөдөр өндөр шатлалын АМНАТ төлж байгаа бол нөгөө нь огт өөр нөхцөлтэй ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр. Зэсийн үнэ өсөх бүрт төлөх татвар нь дагаад нэмэгддэг. Харин Оюу Толгой хөрөнгө оруулалтын гэрээний дагуу АМНАТ-ын хувь хэмжээгээ тогтворжуулсан учраас зах зээлийн үнэ өссөн ч татварын нөхцөл нь өөрчлөгдөхгүй. 

Тэгэхээр зэсийн АМНАТ бууруулах тухай яриа гарч ирэхэд хамгийн түрүүнд тавигдах асуулт нь хэн ашиг хүртэх вэ?

Хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан гишүүд уул уурхайн төслүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна гэж буй. Гэхдээ Оюу Толгой, Онтрэтэй холбоотой үргэлжилж буй хэлэлцээний үеэр ийм төсөл гарч ирсэн нь зүгээр нэг давхцал уу? Энэ хардлагын гол шалтгаан нь хууль өөрөө биш. Харин цаг хугацаа болоод байна. Яг энэ үед Засгийн газар стратегийн ач холбогдолтой лицензүүд, эзэмшлийн асуудал, цаашдын хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцэж байгаа. Тиймээс АМНАТ-ын асуудал зөвхөн татварын эрхзүйн зохицуулалт байхаа больж, уул уурхайн том тоглолтын нэг хэсэг мэт харагдаж бас хардагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд зэсийн өндөр үнэтэй үед төлж буй АМНАТ-ын хэмжээ үйлдвэрлэлийн үр ашигт нөлөөлж байгааг удаа дараа хөндөж ирсэн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн өөрчлөлтийн санаачилга шинэ зүйл биш. Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн хэлэлцүүлгийн үргэлжлэл гэж үзэх үндэслэл ч бий. Тиймээс маргааны зангилаа нь "хэнд зориулсан хууль вэ" гэхээсээ илүү "төр баялгийн өгөөжөөс хэдийг авах ёстой вэ" гэсэн суурь асуудал болж хувирч байна. 

Зэсийн үнэ өсөх үед төр илүү өндөр хувь хүртэх ёстой юу? эсвэл олборлогч компаниудад хөрөнгө оруулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж үлдээх нь зөв үү.

Энэ хоёрын дундах тэнцвэрийг олох гэж оролдсон бүхэн улс төрийн маргаан дагуулж ирсэн. Энэ удаа ч ялгаагүй.Тиймээс УИХ-ын хэлэлцэж буй асуудал нь хэдэн хувийн татвар бууруулах тухай маргаан биш  Монгол Улс уул уурхайн баялгаасаа хэр хэмжээний өгөөж авах бодлогоо дахин тодорхойлох гэж буй оролдлого юм. 

Эцсийн дүндээ хэлэлцэж буй асуудал нь АМНАТ-ын хувь хэмжээ бус, баялгийн өгөөжийг хэрхэн хуваарилах тухай юм. Зэсийн үнэ өсөх мөчид бий болох нэмэлт орлогоос төр нь илүү хүртэх үү, эсвэл олборлогч талдаа үлдээх үү гэдэг шийдвэрийг парламент гаргах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ